Айчи Нагоя 2026: Ази тивийг нэгдмэл болгох уриатай зуны спортын наадам албан ёсоор нээлтээ хийв
Азийн зуны спортын XX наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээлээ. "Imagine One Asia" уриан дор тивээрээ нэгдмэл байхыг уриалж буй спортын наадамд тус тивийн 45 улс спортын олон төрөлд энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал өрсөлдөнө.
Манай улсаас энэ удаагийн наадамд спортын 34 төрөлд 299 тамирчин өрсөлдөхөөр Японыг зорих юм. Тэдний түрүүч нь Нагоя хотноо ирсэн бөгөөд өнөөдрийн нээлтийн ёслолд нийт 100 гаруй тамирчин, албаны хүн оролцож байна.
Энэ удаагийн Азийн наадамд зохион байгуулагч Япон Улсаас хамгийн олон буюу 927 тамирчин оролцож байгаа бол
- БНХАУ 811,
- БНСУ 787,
- Тайланд 690 тамирчин оролцуулахаар бүртгүүлжээ.
Азийн наадмын нээлтийн ёслол "Palorma Mizuho Stadium"-д орон нутгийн цагаар 18:00 цагаас эхэлсэн. Нийт 30,000 хүний багтаамжтай тус наадмын нээлтийн ёслолд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар оролцлоо.
Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар сонгогдсон билээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ болон Азийн олимпын зөвлөлийн хүндэт гишүүдтэй нэгдэн хуран цугласан олны хүндэтгэлийг хүлээн сууна.
Албаны төлөөллөөс “Айчи-Нагоя-2026” ХХ Азийн наадмын Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баттулга, дэд ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Соёлын сайд Ж.Алдаржавхлан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
