Хогоо багасгахаас эхлээд дахин ашиглах хүртэл: 3R олон нийтийн өдөрлөг 9 дүгээр сарын 21-нд болно
Хэрэглэсэн шилээ буцааж өгөх, хэрэггүй болсон ном, компьютероо дахин ашиглалтад шилжүүлэх, дахивраа зөв ангилах, хуванцар сав хэрхэн дахин боловсруулагддагийг мэдэх зэрэг нь хог хаягдлыг бууруулахад иргэн бүрийн хийж болох энгийн алхмууд.
Эдгээрийг нэг дор бодитоор туршиж, Монголд хэрэгжиж буй дахин ашиглалт, дахин боловсруулалтын шийдэл, санаачилгуудтай танилцах боломжийг 9 сарын 21-ний даваа гарагт болох “3R Олон нийтийн өдөрлөг” бүрдүүлж байна.
World Cleanup Day-г тохиолдуулан зохион байгуулах тус өдөрлөг нь хог хаягдлын асуудлыг зөвхөн цэвэрлэгээ хийх хүрээнд бус харин Reduce - хэрэглээгээ багасгах, Reuse - дахин ашиглах, Recycle - дахин боловсруулах гэсэн 3R зарчмаар авч үзэж байгаагаараа онцлог.
Арга хэмжээг “Хог Хаягдалгүй Монгол” ТББ Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн (CFLI) дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын хог хаягдал дахин боловсруулалтад залуусын манлайлал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг олон талын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
ХӨТӨЛБӨР
Өдөрлөгийг Reduce, Reuse, Recycle гэсэн гурван үндсэн хэсгээр зохион байгуулж, чиглэл бүрд ажиллаж буй сургууль, иргэний нийгэм, бизнесийн байгууллагууд өөрсдийн шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, сайн туршлагыг олон нийтэд танилцуулна.
Reduce буюу “Бууруулъя” өртөөнд хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хэрэглээгээ багасгах, эх үүсвэр дээр нь зөв ангилан ялгах дадлыг хүүхэд, залууст хэрхэн хэвшүүлж болох талаар танилцуулна. Нийслэлийн 28 дугаар сургууль болон Уудам Монгол сургуулийн эко клуб сурагчдын оролцоонд тулгуурласан сайн туршлагаа хуваалцана.
Reuse буюу “Дахин ашиглая” өртөө харин хэрэглэсэн зүйл бүрийг шууд хаях шаардлагатай юу гэсэн асуултыг тавина. Иргэд Үлэмж Органик дэлгүүрийн бүтээгдэхүүний шилэн сав болон өндөгний бор савлагааг эко клубийн сурагчдад буцаан өгөх, мөн ашиглах боломжтой ном, хуучин компьютероо Цэцээ гүн болон Сэлбэ ротаракт клубүүдийн санаачилгад хандивлах боломжтой. Тэд сумын сургуулийн дотуур байр болон халамжийн төвүүдийг номын сантай болгохоор ажиллаж байна. Мөн трифт шопоор зочлох боломжтой.
Recycle буюу “Дахин боловсруулъя” өртөөнд дахиврыг ангилан ялгаснаас хойш хаашаа хүрдэг, хэрхэн цуглуулж, тээвэрлэж, дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүний түүхий эд болгодгийг танилцуулна. Мултипак ХХК, Пластик Центр, TML Пластик ХХК, SESL Smart Solution, INMO Studio, Өнгө Нэм ТББ зэрэг байгууллага өөрсдийн шийдэл, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхээр хөтөлбөрт багтжээ. Мөн явуулын дахин боловсруулалтын интерактив цэг болох Recycle Me Interactive Hub ажиллана.
Мөн сурагчид, иргэд хог ангилан ялгах тоглоом, “Recycle Champion” хөгжөөнт буухиа, quiz, флаш моб зэрэг оролцоонд суурилсан үйл ажиллагаанд хамрагдана.
Хүүхдүүдэд зориулсан Бамбүү Театрын “Хогон мангас” жүжиг, Open Mic болон бусад хөгжөөнт хөтөлбөр ч багтжээ.
Ингэснээр иргэд өөрийн авчирсан зүйлээ буцаан өгөх, хандивлах, ангилан ялгах, дахин боловсруулалтын процессыг танин мэдэх зэргээр өөрсдөө оролцох боломжтой юм.
“RECYCLE RALLY 2026”: СУРГУУЛЬДАА ХУВАНЦАР ХАЯГДЛАА ЦУГЛУУЛАХ УРАЛДААНТ АЯН
Төслийн хүрээнд олон нийтийн өдөрлөгөөс гадна нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хамарсан “Recycle Rally 2026” хуванцар цуглуулах аяныг эхлүүлээд байна.
TML Plastic болон SESL Smart Solution ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй уг аян нь сурагчдад хуванцар хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадал хэвшүүлэхийн зэрэгцээ цуглуулсан дахиврыг бодитоор дахин боловсруулах тогтолцоотой холбож байгаагаараа онцлог.
Нийслэлийн төрийн болон хувийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургууль тус аянд оролцох боломжтой. Сургуулиуд PET 1 төрлийн ус, ундааны хуванцар савыг ангилан цуглуулах бөгөөд цуглуулсан хэмжээ 30 кг-аас дээш болоход тээвэрлэлтийн дуудлага өгөх боломжтой. SESL Smart Solution ХХК цуглуулсан хуванцрыг тээвэрлэн, кг тутмыг 400 төгрөгөөр худалдан авч, дахин боловсруулалтад нийлүүлэхээр зохион байгуулжээ.
Аян 2026 оны 12 сарын 4 хүртэл үргэлжилж, хамгийн их хуванцар сав цуглуулсан гурван сургуулийг шалгаруулна.
I байр 2.5 сая, II байр 2 сая, III байр 1.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий шагнал хүртэхээс гадна шалгарсан сургууль бүрд 850 мянган төгрөгийн үнэ бүхий хуванцар ангилах сав олгоно.
ӨДӨР ТУТМЫН ДАДАЛ ХАМГИЙН ЧУХАЛ
Хог хаягдлын асуудал зөвхөн хогийн саванд хүрээд дуусдаггүй. Ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, сав баглаа боодлоо буцаах эсэх, хэрэггүй болсон зүйлээ хаяхын оронд дахин ашиглуулах боломж хайх, дахивраа эх үүсвэр дээр нь зөв ангилах зэрэг өдөр тутмын сонголт бүр хог хаягдлын хэмжээнд нөлөөлдөг.
Тиймээс “3R Олон нийтийн өдөрлөг”-ийн зорилго нь иргэдэд зөвхөн асуудлыг харуулах бус, “Би өнөөдрөөс юу хийж болох вэ?” гэсэн асуултын бодит хариултуудыг нэг талбайд авчрах юм.
Суралцъя. Оролцъё. Өөрчилье.
3R ОЛОН НИЙТИЙН ӨДӨРЛӨГ
Хэзээ: 2026 оны 9 сарын 21
Цаг: 12:00–16:00
Байршил: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, хөлбөмбөгийн талбай (Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд)
Байршлыг газрын зураг дээр харах: https://maps.app.goo.gl/j4vwZpV3yRYuPy8d8
Холбоо барих: info@mww.mn www.mww.mn +976 99299869
Канад сангийн тухай товч мэдээлэл:
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан нь Канад Улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чиглэсэн бичил төслүүдийг Канад Улсын Элчин сайдын яамаар (ЭСЯ) дамжуулан дэмжин, санхүүжүүлэх зорилготой.
Канад сан нь Монгол Улсад 1997 оноос хойш хэрэгжиж байна. Энэ хугацаанд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төслүүдэд нийт 8.6 сая гаруй канад долларын санхүүжилт олгосон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
