АНУ-ын засаг захиргаа $2.7 тэрбумын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг техник Украинд нийлүүлэхээр болжээ
Киевийн эрх баригчдын удаа дараагийн хүсэлтийн хариуд АНУ-ын засаг захиргаа Украин улсад $2.7 тэрбумын өртөг бүхий агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг техник нийлүүлэхээр болжээ.
Баасан гарагийн орой АНУ-ын төрийн департаментаас Конгресст илгээсэн мэдэгдэлд Украины засгийн газарт агаарын довтолгооноос хамгаалах системийг сайжруулах тоног хэрэгсэл болон холбогдох төхөөрөмж, үйлчилгээг нийлүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
Энэхүү саналыг Конгресс хянан хэлэлцсэний дараа эцсийн шийдвэр гарах юм.
“Хэрвээ энэхүү нийлүүлэлт хэрэгжвэл Украин улс Европын орнуудын хандив болон өмнөх засаг захиргааны үед батлагдсан АНУ-ын санхүүжилтийн хөтөлбөрийн хөрөнгийг хослуулан төлж барагдуулах болно. Нийт өртөг $2.68 тэрбум байхаар тооцоолж байна” гэж төрийн департамент мэдэгджээ.
Киев хотыг чиглэсэн Оросын агаарын довтолгоо сүүлийн үед эрчимжиж байгаа бөгөөд баллистик пуужингийн халдлагыг эсэргүүцэх зэвсэг техникийн дутагдал Украины талд тулгараад байгаа.
Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тус улсын эсрэг АНУ-ын авсан шинэ хориг арга хэмжээг “цэргийн хүчээр сөрөн зогсох” замаар эсэргүүцэх ёстойг мэдэгджээ.
Баасан гарагт АНУ-ын Конгрессын зөвшөөрөл өгсөн шинэ хориг арга хэмжээний хуулийн төслийг ерөнхийлөгч Дональд Трамп баталсан юм.
Сенатор агсан Линди Грэмийн нэрээр нэрлэгдсэн энэ хууль нь Оросын эрчим хүч, батлан хамгаалах салбар болон Путин, Кремлийн бусад өндөр албан тушаалтнуудыг онилж байгаа.
“Далайн цаана байгаа ч тэд зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр сөрөн зогсох хэлийг ойлгодог бөгөөд үхсэн террорист Грэмийн нэрэмжит хууль мэт Оросын эсрэг харгис үйлдлүүдэд бид яг ийм хэлээр хариуг нь өгөх ёстой” гэж Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашдаг Медведев өөрийн Телеграм сувагт бичжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
