Ирландын шүүх картелын босс Даниэл Кинаханы хэргийг өндөржүүлсэн харуул хамгаалалтын дор шүүжээ
Дэлхийн хамгийн том хар тамхины картелуудын нэгний босс гэгддэг 49 настай Даниэл Кинаханы үйлдсэн хэрэгт ял тулгах ажиллагаа Ням гарагийн орой Ирландын нийслэл Дублин хотод өндөржүүлсэн харуул хамгаалалтын дор зохион байгуулагджээ.
Түүнийг өмнөх өдөр нь Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) санхүүгийн төв Дубай хотоос Ирландын засгийн газрын нисэх онгоцоор тээвэрлэн авчирсан юм.
Кинаханы хар тамхины болон галт зэвсгийн хууль бус наймаа эрхэлсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт ял тулгажээ.
Түүнийг Дублинд ирэхийн өмнө Ирландын эрх баригчид цагдаа, шоронгийн удирдлагуудыг оролцуулсан аюулгүй байдлын томоохон ажиллагаанд бэлдэж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв.
Дублин хотын захад оршдог агаарын баазад онгоц газардсаны дараа Кинаханыг сум нэвтэрдэггүй, тэсрэх бөмбөгний хамгаалалттай фургон автомашинаар шүүхийн байранд шууд хүргэжээ.
Шүүхийн байрыг зэвсэглэсэн цагдаагийн албан хаагчид хамгаалж, гадна цугларсан иргэд гар утсаараа үйл явдлын дүрсийг бичиж байлаа.
Шүүгчид тулгаж буй ялаа танилцуулсны дараа Кинаханыг өндөржүүлсэн харуул хамгаалалттай Портлауаз шоронд хүргэж, хорьсон байна.
Түүний дараагийн шүүх хурал аравдугаар сарын 5-ны өдөр товлогджээ. Кинахан энэ хуралд биечлэн, эсвэл видео холбоогоор оролцох гэнэ.
Кинаханыг дөрөвдүгээр сард зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбогдуулан Ирландын шүүхийн хүсэлтийн дагуу Дубай хотод баривчилсан юм. Тэрбээр АНЭУ-д арав орчим жил эрх чөлөөтэй амьдарч байжээ.
Дубайн шүүх хоёр улсын ялтан харилцан шилжүүлэх тохиролцооны дагуу түүнийг Ирландын талд шилжүүлж өгөх шийдвэр гаргасан юм.
Ирландын засгийн газрын онгоц Бямба гарагт Дублины ойролцоох Касемент нисэх буудлаас Дубай руу нисэж, Ням гарагийн өглөө Кинаханыг суулгаад АНЭУ-аас хөөрсөн юм.
“Кинаханыг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж буй хамгийн чухал хүмүүсийн нэг гэж үздэг” гэж Ням гарагт гарсан Ирланд, АНЭУ-ын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
2022 онд АНУ-ын засаг захиргаа Кинаханыг хар тамхи, мөнгө угаалт, галт зэвсгийн наймаа, захиалгат аллага үйлддэг Kinahan Organized Crime Group гэгчийн гурван удирдагчийн нэгээр зарлаж байв.
Дублины гудамжнаас үйл ажиллагаагаа эхэлсэн тус бүлэг Өмнөд Америкийн картелууд, Хятадын мафиуд, Хезболла зэвсэгт бүлэглэл зэрэгтэй холбоотой дэлхийн хамгийн том гэмт хэргийн байгууллагуудын нэг болж өссөн гэдэг.
АНУ-ын эрх баригчид Кинахан болон түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч, баривчлахад нь тусалбал $5 саяын шагнал амлаж байжээ.
Кинахан нь Дубайгаас Ирландын талд шилжүүлж өгсөн тус бүлгийн хоёр дахь гишүүн болж байна.
2024 онд тус байгууллагын гол хүмүүсийн нэг Шон МакГоверныг бас шилжүүлэн өгч байжээ.
Гэмт хэргийн үйл ажиллагааг удирдаж, аллага үйлдэхийг завдсанаа хүлээсэн тэрбээр энэ оны зургаадугаар сард шүүхээс 24 жилийн хорих ял сонссон юм.
Кинаханы бүлэг Дублины өөр нэг гэмт хэргийн том бүлэг болох Hutch-тай олон жилийн турш цус урсган тулалдаж байгаа.
Ирландын цагдаагийн байгууллага Кинаханы картелыг нэг тэрбум гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгөтэй гэж үздэг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
