Binance биржээс $6.3 тэрбумыг хулгайлсан хэрэгт Умард Солонгосын хакерууд сэжиглэгдэж байна
Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-аас хакерууд $6.3 тэрбумыг хулгайлсан хэрэг Баасан гарагт гарлаа. Түүхэн дэх хамгийн том санхүүгийн хулгай байж болзошгүй энэ хэргийн ард Умард Солонгос байгаа гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү мэдээллийн дараа криптовалютын ханш унаж, Binance бирж мөнгө гаргах үйлчилгээгээ зогсоожээ. Тус компани алдагдлыг нөхөхийн тулд өөрийн хөрөнгийг ашиглахаа мэдэгдсэн байна. Эль Сальвадор улсын Tether болон Дональд Трампын дэмжлэгтэй "World Liberty Financial" зэрэг стэйблкойн (тогтвортой ханштай зоос) гаргагчид хулгайлагдсан хөрөнгийнхөө тал орчмыг царцаажээ.
Биржийн зүгээс хэрэглэгчдийнхээ хөрөнгийг аюулгүй байгааг мэдэгдэж, түншүүдтэйгээ хамтран учирсан хохирлын зарим хэсгийг царцаахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Одоогоор $3 тэрбум орчимтой тэнцэх хөрөнгийн байршлыг тогтоожээ.
Баасан гарагт тус компани мөнгө гаргах үйлчилгээгээ ирэх 48 цагийн дотор сэргээх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн ч үлдсэн $3.3 тэрбумын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Binance алдагдлыг нөхөхийн тулд дотоод нөөцөөсөө $6.34 тэрбум орчмыг хуваарилснаа мэдэгджээ. Тус компанийн вэбсайтад дурдсанаар аюулгүй байдлын зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалах зориулалттай $1 тэрбумын биткойны нөөц сан тэдэнд байгаа аж. Binance-ийн үүсгэн байгуулагч Чанпэн Жао тус компани $1 тэрбумаас илүү үнэ бүхий SpaceX компанийн хувьцааг эзэмшдэг тухай сошиал хуудсандаа бичжээ.
"Бид хэзээ ч хэрэглэгчдийн хөрөнгийг ашигладаггүй тул тэдний хөрөнгөд ямар ч хохирол учраагүй" гэж Binance компанийн хамтарсан гүйцэтгэх захирал Ричард Тэн сошиал хуудсандаа бичсэн байна.
Түүний тайлбарласнаар энэ нь ганц хүний үйлдсэн хэрэг биш, харин "нарийн зохион байгуулалттай халдлага" байжээ. Хакерууд зөөврийн компьютерт нэвтэрч, үйл ажиллагааныхаа ул мөр, нотлох баримтыг устгах зориулалттай хортой программ хангамж ашигласан нь "бидэнд хэргийг мөрдөн шалгах, ул мөрийг нь олоход улам их хүндрэл учруулсан" гэж тэр бичсэн байна.
АНУ-ын блокчэйн шинжилгээний TRM Labs болон Chainalysis компаниудын мэдээлснээр Пүрэв гарагийн орой эхэлсэн Binance-ийн халдлага ердөө 20 орчим минутын дотор өрнөсөн бөгөөд өмнө нь Умард Солонгостой холбоотой гэж үзэж байсан томоохон халдлагуудтай ижил төстэй шинж тэмдгүүдийг агуулж байжээ.
TRM-ийн мэдээлснээр халдагчид Binance-ийн хэтэвчнүүд дэх хөрөнгийг өөрсдийн хяналтад байдаг хэтэвч рүү шилжүүлэх тушаал өгч чадсан байна. Холбооны Мөрдөх Товчоо өмнө нь Умард Солонгосын үйлдсэн гэж үзэж байсан, 2025 оны Bybit крипто биржид гарсан халдлагатай энэ халдлага тун төстэй байжээ.
TRM өөрийн цахим хуудсанд нийтэлсэн шинжилгээндээ уг халдлагыг "Умард Солонгосын элит хакеруудын бүлэг" үйлдсэн гэж дүгнэсэн байна. TRM болон Chainalysis аль аль нь үүний ард Умард Солонгос байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Британийн блокчэйн шинжилгээний Elliptic компани "Энэхүү хэрэг нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн том хулгайн хэрэг байх магадлал тун өндөр" гэж мэдэгдсэн байна.
АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчид, мөн кибер аюулгүй байдлын шинжээчид Умард Солонгосыг олон жилийн турш төрийн харьяа кибер бүлгүүдээ тагнуул хийх, санхүүгийн хөрөнгө хулгайлах, улсын орлого бүрдүүлэх зорилгоор ашиглаж ирсэн гэж үздэг.
Харин Пёняны дэглэм үүнийг байнга үгүйсгэсээр ирсэн юм. Тус улсын Женев дэх төлөөлөгчийн газар болон Хятад дахь Элчин сайдын яам нь сүүлийн халдлагын талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Нөхцөл байдлыг сайн мэдэх нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Binance бирж нь Холбооны Мөрдөх Товчоо болон АНУ-ын Нууц Албатай хамтран ажиллаж байгаа аж.
Холбооны Мөрдөх Товчоо мэдэгдэлдээ "Бид уг хэргийн талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд халдлагын цар хүрээг тодорхойлох, болзошгүй хор уршгийг үнэлэх, мөрдөн шалгах ажлыг зохицуулахын тулд холбогдох төрийн болон хувийн хэвшлийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна" гэжээ.
Binance-д үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон Абу Дабигийн санхүүгийн үйлчилгээний зохицуулах байгууллага "Binance-тэй нягт хамтран ажиллаж, нөхцөл байдлыг ажиглаж байна" гэж мэдэгдсэн юм.
Хөрөнгийн алдагдал гарахаас гадна энэхүү халдлага нь аль хэдийнээ дарамтад ороод буй крипто валютын салбарт хүмүүсийн итгэх итгэлийг сулруулах илүү өргөн хүрээтэй үр дагавар авчрах магадлалтай гэж шинжээчид болгоомжилж байна.
Биткойны хамгийн нэр хүндтэй дэмжигчдийн нэг болох хөрөнгө оруулагч Майкл Сэйлор сошиал сүлжээнд бичсэн нийтлэлдээ Binance ямар ч үйлчлүүлэгч алдагдалд орохгүй байх баталгааг "өгнө" гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. "Манай салбар энэ явдлаас суралцаж, аюулгүй байдлыг бэхжүүлж, илүү хүчирхэг, уян хатан болох болно" гэж тэр бичсэн байна.
Хэрэглэгчдэд виртуал хөрөнгө худалдан авах, зарах боломжийг олгодог Binance бирж нь дэлхий даяар 335 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй юм. 2025 оны жилийн тайлангийн мэдээллээр тус компанийн нөөцөд буй хөрөнгийн хэмжээ ойролцоогоор $162.8 тэрбум байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

