Нобелийн шагнал өгөөгүйнхээ төлөө АНУ-ын ерөнхийлөгчид доромжлуулсан Норвеги улс жорлонгуудаа алдаршуулжээ
АНУ-ын ерөнхийлөгчийн доромжлолын хариуд "Visit Norway" байгууллага тус улсын нийтийн бие засах газруудыг "дахин аугаа" болгохоор шийджээ.
Дональд Трамп саяхан нэгэн арга хэмжээний үеэр өөрт нь энх тайвны Нобелийн шагнал өгөөгүй Норвеги улсыг "жорлон улс" (shithouse country) гэж доромжилсон юм.
Гэвч Норвегийн аялал жуулчлалын байгууллага үүнд эмзэглэхийн оронд харин ч улс орныхоо хамгийн гоёмсог бие засах газруудыг олон нийтэд дэлгэн харуулахаар шийджээ.
"Visit Norway" байгууллага өөрсдийн цахим хуудсандаа "Эдгээр нь дэлхийн хамгийн шилдэг 'жорлонгууд' мөн үү?" гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн байна.
Тус байгууллага Норвегийн хамгийн өвөрмөц дизайн хийцтэй, хамгийн гоёмсог нийтийн бие засах газруудын зургийг нийтлээд "Норвеги улс бие засах газруудаа дахин аугаа болгож байна! Эдгээр бие засах газруудад зөвхөн бие засах хэрэгцээ гарсан үедээ ч гэлтгүй тийм хэрэгцээгүй үедээ ч зочлоход илүүдэхгүй" хэмээн бичжээ.
Трамп АНУ-ын завсрын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө буюу Ням гарагт Мичиган мужид болсон цуглааны үеэр "Үнэнийг хэлэхэд Норвеги бол шал хэрэггүй газар. Норвеги одоо бүр ‘жорлон шиг орон' болчихсон байна" гэж мэдэгдсэн бөгөөд тэр энэ үг хэллэгээ өмнө нь Хаити, Ливи, Сомали, Йемен зэрэг улсуудад хэрэглэж байсан удаатай.
Тэрээр цааш нь хэлэхдээ зарим улс орноос цагаачдыг хүлээн авч болох ч Норвегиос авахгүй гэдгээ илэрхийлээд үүний шалтгааныг "учир нь би Нобелийн шагнал аваагүй шүү дээ" хэмээн тайлбарлажээ. Энэ сарын эхээр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч асан Нави Пиллайд уг шагналыг олгох шийдвэрийг Норвегийн шагналын хороо гаргахад Трамп хатуу шүүмжилж байсан юм.
Тэрбээр "Энэ бол Норвеги улс болон ийм ичгүүртэй, зохисгүй шийдвэр гаргасан хүмүүсийн хувьд арилшгүй толбо юм. Би энэ хүний талаар өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй. Нобелийн энх тайвны шагнал нэр хүндээ үүрд алдлаа... Норвеги оо, бид үүнийг хэзээ ч мартахгүй шүү" гэж хэлжээ.
"Visit Norway" байгууллагын мэдээлснээр Норвеги даяар байгалийн үзэсгэлэнт газруудаар дамжин өнгөрдөг 18 чиглэлд тэргүүлэх архитекторуудыг ажиллуулж, зам дагуу оршдог энгийн бие засах газруудыг өөрийн гэсэн онцлогтой, жуулчдыг татах үзмэр болгон хувиргасан байна. Тэдгээрийн зарим нь олон улсын архитектурын шагнал хүртээд амжжээ.
Цэвэрхэн, минималист хэв маягийг сүрлэг байгальтай хослуулсан эдгээр бие засах газрууд нь хар өнгийн том шилэн цонхоороо алдартай. Энэхүү шийдэл нь дотор сууж буй хүнд гаднах байгалийг бүрэн тольдох боломжийг олгохын зэрэгцээ гаднаас харагдахгүй байхаар бүтээгджээ.
Уг жагсаалтад онцолсон Норвегийн хойд хэсгийн хамгийн өмнөд дүүрэг болох Хелгеландын эрэг дээр байрлах, давлагаа хэлбэртэй, өвөрмөц хийц бүхий "Ureddplassen" бие засах газрыг олон улсын хэд хэдэн хэвлэлд дэлхийн хамгийн үзэсгэлэн төгс байрлалтай бие засах газар хэмээн магтан бичсэн байна.
Үүнээс гадна Утсиктен үзвэрийн цэг дээрх нарны эрчим хүчээр ажилладаг орчин үеийн загвартай бие засах газар, "Инстаграмд оруулахад яг тохирох”, хойд туйлын туяан дор үнэхээр гайхалтай харагддаг Тунгенесет бие засах газар, мөн Сенжа арал дээрх дэлхийд алдартай, гурвалжин хэлбэртэй "алтан бие засах газар" зэргийг дурджээ.
Бергений их сургуулийн илтгэх урлагийн профессор Йенс Кьелдсен "Visit Norway"-ын энэхүү хариу үйлдэл нь тухайн нөхцөл байдалд хамгийн оновчтой шийдвэр байсныг магтсан байна. Тэрбээр Норвегийн NRK телевизэд өгсөн ярилцлагадаа "Энэ яг л цэцэрлэгийн ангид байдаг дээрэлхүү хүүхэдтэй адилхан. Хэрэв та хэт нухацтай хандаад эхэлбэл нөгөө дээрэлхүү хүүхэд дийлчихнэ шүү дээ" хэмээн Трампын доромжлолын талаар тайлбарлажээ.
"Visit Norway"-ын ахлах зөвлөх Евгения Егорова тус телевизэд ярихдаа "Дэлхий ертөнцөд бага ч болов инээд хөөр хэрэгтэй байна. Тиймээс бид тэдэнд эелдэг зан, бага зэрэг хошин шогийн мэдрэмжээр хариу барихаар шийдсэн юм" гэж хэлсэн байна.
Нобелийн энх тайвны шагналыг Норвеги улс, эсвэл тус улсын засгийн газар олгодоггүй, харин бие даасан үйл ажиллагаа явуулдаг Нобелийн шагнал гардуулах хороо олгодог гэдгийг Трамп “маш сайн мэднэ” хэмээн тус улсын гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
