Финланд улс дата төв байгуулах зорилгоор ой мод сүйтгэсэн Google компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв
Финландын цагдаагийн байгууллага тус улсын хойд хэсэгт Google компанийн дата төв байгуулахаар төлөвлөж буй газарт байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эрх баригчдын мэдээлснээр Google-ийн охин компани болох "Tuike Finland" нь Мухос дахь төлөвлөсөн талбайд Финландын хуулиар шаардлагатай байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийж дуусгахаасаа өмнө 330 га талбай бүхий ойг цэвэрлэж, ус зайлуулах ажил хийсэн байна.
Финланд улс нь бусад Нордикийн орнуудын нэгэн адил геополитикийн харьцангуй тогтвортой байдал, газар нутгийн өргөн боломж, түүнчлэн сэрүүн уур амьсгалтай тул эрчим хүчний зардлыг бууруулах боломжтой зэрэг давуу талуудаараа дата төв байгуулах хүсэлтэй технологийн компаниудын анхаарлыг татдаг.
Финландын цагдаагийн байгууллагаас Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд "Урьдчилсан мэдээллээр 'Tuike Finland Oy’ компанийн дата төвийн төслийн барилгын талбайд ус зайлуулах болон усны менежментийн асуудалд тодорхойгүй асуудлууд, дутагдлууд илэрсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэжээ.
Финландын эрх баригчид одоогоор төлөвлөлтийн янз бүрийн шатанд байгаа нийт 145 шинэ дата төв байгуулах хүсэлтийг хянаж байгаа. Үүнд Google компанийн 13 тэрбум еврогийн өртөгтэй хиймэл оюун ухааны дэд бүтцийн төсөл багтаж байгаа бөгөөд үүнийг тус компани Европ дахь хамгийн том хөрөнгө оруулалт гэж нэрлэжээ.
Энэ сарын эхээр Финландын эрх баригчид Google компанид хандан Мухос болон түүнээс зүүн өмнө зүгт 100 орчим километр зайд орших Отанмяки гэсэн хоёр байршилд эхлүүлсэн ажлаа зогсоохыг үүрэг болгосон юм. Учир нь тус компани газар дээрх ой модыг бүхэлд нь огтлохоосоо өмнө байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийж дуусгаагүй байжээ.
Байгаль хамгаалагчдын тооцоолсноор Мухос бүсэд 250,000, Отанмяки бүсэд 150,000 орчим мод тус тус огтлогдсон байна.
Google-ийн Финланд дахь салбарын захирал Антти Ярвинен ой модыг устгасандаа уучлалт гуйсан хэдий ч тус компани "тухайн үед хууль тогтоомжийг хэрхэн ойлгож байсан тэрхүү ойлголтынхоо дагуу" үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ.
Финландын засгийн газар эдгээр төслүүдийг эхнээс нь дэмжиж байсан юм. Есдүгээр сард Google-ийн төлөвлөгөөг зарлах үеэр ерөнхий сайд Петтери Орпо хөрөнгө оруулалт татах нь "нэн тэргүүний зорилт" бөгөөд энэхүү хэлэлцээрийг "урт хугацааны үр өгөөж авчирна" гэж хэлж байв.
Гэвч Google-ийн зүй бус үйлдлийн талаар мэдээлэл ил болсон нь дата төвүүдтэй холбоотой гэрээнүүд нь орон нутгийн иргэд, байгаль орчин, эрчим хүчний үнэ өртөгт хэрхэн нөлөөлөх талаар улс орон даяар хэлэлцүүлэг өрнөхөд хүргэжээ. Энэ асуудал дөрөвдүгээр сард болох парламентын сонгуульд ч нөлөөлж болзошгүй байна.
Дата төвүүдийн үйл ажиллагаанд тавих зохицуулалтыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсан өргөдөлд 93,000 гаруй хүн гарын үсэг зуржээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар дата төвүүд нь орон нутагт цөөн тооны ажлын байр бий болгодог бөгөөд улсын хэмжээнд авч үзвэл үзүүлэх үр өгөөж нь тун бага гэнэ.
Хельсинкийн их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор Юсси Кангашарю "Финландын хувьд үнэндээ ямар ч ашиг тус алга. Эдгээр нь олон улсын үйлчлүүлэгчдэд үйлчилдэг олон улсын компаниуд юм. Эцсийн дүндээ мэдээллийн төвүүд нь тухайн төвийг ажиллуулж буй оператораас бусад хүмүүст бараг ямар ч ашиг тус авчирдаггүй" гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
