16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нар холбогдолгүй гэж үзсэнийг хүчингүй болгов

Б.Бадамгарав, IKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхээр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 настай охины хэргийг хоёр өдөр хэлэлцэн шийдвэрээ өнөөдөр гаргалаа.

Хяналтын шатны шүүхээс өмнөх хоёр шатны шүүхийн тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулах шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрээр  шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгаж шийдвэрлэснийг Хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүх хуралдаан даргалагч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ "Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дагвадоржийн үйлдсэн онц харгис хэрцгий аргаар өөрт эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан гэм буруутай, 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардсан, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангасан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэх хэлбэрээр зүйлчилж ирүүлснийг өөрчилж, энгийн бүрэлдэхүүнтэй болгох нь зүйтэй гэж  Хяналтын шатны шүүх үзлээ.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон. Иймд Э.Ган-Эрдэнэд холбогдох шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Харин Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял тогтоож шийдвэрлэлээ.

Цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн тухайд прокуророос түүнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж зүйлчилж ирүүлснийг хоёр шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж Хяналтын шатны шүүх үзлээ. Иймд Э.Номин-Эрдэнийн гэмт үйлдэлд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар "Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх" буюу эс үйлдэхүй нь тухайн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу байна. Хяналтын шатны шүүх энэ талаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй учраас Э.Номин-Эрдэнэд холбогдох тогтоолын заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын болон хуульзүйн алдаатай дүгнэлт хийсэн байна. Прокуророос 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Х.Энхсайханд холбогдох шийтгэх тогтоол болон магадлалын заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох заалтыг хүчингүй болгосон тул хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авч байна" гэлээ.