"Халх голын бүс нутагт жилд гурав хүртэлх машин хээр явж байгаад шатаж байна"
Нөмрөгийн дархан цаазат газарт дүн шинжилгээ хийж буй мэргэжилтнүүд дараах байр сууриа илэрхийлснийг Байгаль оричн, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач, Хөдөө аж ахуйн сургуулийн багш, доктор О.Чулуунбаатар "Бидний ажиглалтаар түймэрт өртсөн хусан ойд гадаргуугийн түймрийн тогтонги болон гүймэг хэлбэрийн хоёр түймрийн нийлбэр явагдсан байна. Зарим хус модны үндсэнд ямар нэгэн гэмтэл байхгүй. Модны титэмд гэмтэл байхгүй учир дахин сэргэж ургах боломжтой гэж үзэж байна.
Харин зарим хэсэг нь дахин сэргэж ургах боломжгүй болсон байна. Шатаж унасан мод ховор байна. Ихэнхдээ гүймэг хэлбэрийн түймэр энэ хусан ойд явагдсан байна" гэв.
"Биомасс юу ч үгүй шатсан учир амьтад өвөл идэш тэжээлийн хомстолт орох вий гэх эмзэглэл төрлөө"
Ургамал судлаач, Доктор М.Уртнасан "Нөмрөгийн ДЦГ-ын дөрвөн цэг бүхэлдээ түймэрт өртөж ургамлан нөмрөг тэр чигтээ үнс нурам болсон байна. Судлаачдын судлахыг хүсдэг газар ийм болчихсон байгаа нь хэцүү байна. Биомасс юу ч үгүй шатсан учир амьтад өвөл идэш тэжээлийн хомстолт орох вий гэх эмзэглэл төрлөө.
Ургамлан бүрхцийг харахад зарим газраа хатчихсан байгаа учир хамгийн эхэнд ургамлын сэргэх чадамжийг дэмжих мониторинг судалгааг хийх хэрэгтэй гэж харж байна. Одоогийн нөхцөл байдал бол хүнд байна. Доошоо үндэсрүүгээ орсон эсэхийг дээж авч шалгана" гэв.
"Тухайн иргэд ирээд аюулгүй ажиллагааныхаа заавартай танилцчихсан байсан бол нөхцөл байдал иймдээ тулахгүй байх байсан"
Нөмрөгийн ДЦГ-ын Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн К.Тэрбиш "Аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан иргэд гал түймэр гаргаж байсан тохиолдол бүртгэгдээгүй. Хамгаалалтын захиргаа дээр ороод хаагуур явах маршрутаа тохиролцож, юу зөвшөөрдөг эсэхийг мэдээд авах хэрэгтэй. Тухайн иргэд ирээд аюулгүй ажиллагааныхаа заавартай танилцчихсан байсан бол нөхцөл байдал иймдээ тулахгүй байх байсан.
Халх голын бүс нутагт жилд гурав хүртэлх машин хээр явж байгаад шатаж байна. Өвс их ургадаг бүс нутаг учраас машины янданд өвс ордог нь гал гарах үндсэн нөхцөл болж байна.
Иймд иргэд тусгай хамгаалалттай газар нутгуудаар зорчихдоо хамгаалалтынх нь захиргаа руу ороод аюулгүй ажиллагааныхаа заавартай танилцаж, төлбөр хураамжаа төлөөд, тус газар нутгийнхаа горим, дэглэмээ мөрдөөд явах хэрэгтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




