"Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг үнэлэхээр салбартаа олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна"

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
БОУАӨЯ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэхээр тус чиглэлээр салбартаа 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчдээс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үе шаттай ажиллаж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/-наас мэдээллээ. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мориор болон тээврийн хэрэгсэл ашиглан түймэрт өртсөн талбайн ойролцоогоор 30 хувьд нь хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулаад байгаа юм байна. 

Одоогийн байдлаар БОУАӨЯ, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрууд хамтран хүний нөөц болон хоёр нисдэг тэргийг нэмэлтээр 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дайчлан ажиллуулж, өчигдрөөс эхлэн судалгаа, дээжлэлт хийх ажлыг гүйцэтгэж эхэлжээ. 

Монгол Улсын хамгийн зүүн зах цэг буюу Нөмрөгийн дархан цаазат газрын Соёлз уул нь Монгол-БНХАУ-ын хилийн залгаа, Халх гол сумаас 180 орчим км зайд орших ой, нуга, тал хээр, гол, голын татам хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм байна. 

Өчигдөр шинжээчдийн баг: 

  • Соёлз уулын Модод хамар орчмын хусан ой, түүнээс баруун зүгт 30 орчим км зайд орших Галдстай гол, улмаар 50 гаруй км радиуст орших Цэцэгт уул, Зараа уул орчимд хэсэг тус бүрээр дээж авч, нарийвчилсан хэмжилт хийжээ. 

Харин өнөөдөр:

Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой, мөн Орч ууланд ажиллах юм байна. Ингэснээр Нөмрөгийн ДЦГ-т түймрийн улмаас учирсан хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх боломж бүрдэж байгаа аж.