Төрийн айлчлалын үр дүн: Монгол Беларусийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны аравдугаар сарын 24–26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн.
Айлчлалын талаарх судлаачийн байр суурь болгон Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш, доктор А.Батцэцэгийн нийтлэлийг хүргэж байна.
Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Беларусь Улсад хийсэн анхны төрийн айлчлал юм. Монгол, Беларусийн хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосноос хойш хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл болон соёл хүмүүнлэг, шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагаагаар өргөжүүлэхэд айлчлалын гол зорилго чиглэсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцсон бөгөөд 2024 оны 6-р сарын 3-нд гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцсон. Ингэснээр уг гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэж болно. Мөн яриа хэлэлцээний хүрээнд тухайлсан салбарт хамтран ажиллах 9 баримт бичиг байгуулж, 2027–2029 онд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал мөн байгуулсан.
Хоёр ерөнхийлөгч уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн асуудлаар, дэлхийн энх тайван тогтвортой байдлын талаар санал солилцов. Энэ нь хоёр улсын харилцааг зөвхөн дипломат түвшинд хадгалах бус, дунд хугацааны тодорхой зорилт, салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлсэн алхам боллоо гэж үзэж байна.
Айлчлалын хүрээнд 2026 оны 10-р сарын 26-нд Минск хотноо Монгол Беларусийн бизнес форум зохион байгуулагдсан бөгөөд Форумын үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэр, барилга, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн чиглэлээр нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 17 гэрээ, санамж бичиг байгуулсан. Голлон Беларусийн төмөр замын вагон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нийлүүлэх, тээврийн салбарт хамтран ажиллах, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнд даацын машин механизм, трактор угсралтын төв байгуулах, сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, худалдааг эрчимжүүлэх, Монголын ноос, ноолуурын бүтээгдэхүүнийг Беларусийн зах зээлд нийлүүлэх, барилгын материал, хөнгөн үйлдвэрийн салбарын түншлэл, Беларусийн маалингын ширхгийг Монголын ноос, ноолууртай хослуулан шинэ төрлийн утас, нэхмэл, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачилга зэрэг олон салбарт маш сайн боломжууд нээгдсэн. Беларусь улс Маалинга даавуугаараа дэлхийд алдартай, Маалинга бол байгалийн гаралтай ширхэгт ургамал бөгөөд түүний ширхэгтээр даавуу, утас, хувцас, гэр ахуйн нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Эдгээр шинэ боломжууд шинэ гэрээ нь хоёр улсын худалдааг төрөлжүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Бүр тодруулбал Айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг 2027–2029 онд хөгжүүлэх замын зураглал байгуулсан нь бодит эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал үр дүн байлаа гэж үзэж болно.
Беларусийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи, туршлага солилцох, хүнс, сүү, сүүн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, хорио цээр, бүтээгдэхүүний стандартын шаардлагыг уялдуулах, Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл, Беларусийн хөнгөн үйлдвэрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлууд багтжээ.
Түүнчлэн Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Беларусийн хөнгөн үйлдвэрийн Беллегпрам концерн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Мөн хоёр улсын гадаад худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн хоёр чухал баримт бичиг байгуулсан, Үүнд Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай гаалийн байгууллага хоорондын хэлэлцээр, Итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв болон Беларусийн Итгэмжлэлийн төв хоорондын санамж бичиг тус тус байгуулсан энэ нь гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, бараа бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, худалдаанд учрах техникийн саадыг бууруулах ач холбогдолтой юм. Мөн Жабинковский болон Городейский чихрийн үйлдвэрүүдтэй нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. Сайн чанарын элсэн чихэр манай улсад нийлүүлнэ
Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд: Спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын холбогдох яамд хоорондын хэлэлцээр байгуулсан. Үүнд тамирчдын солилцоо, хамтарсан бэлтгэл, спортын анагаах ухаан, мэргэжилтэн бэлтгэх асуудлууд багтсан. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Беларусийн Белтелерадио компани хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ нь телевизийн контент, баримтат кино, нэвтрүүлэг солилцох, хамтарсан бүтээл хийх боломжийг нээж байна гэсэн үг. Мөн боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын харилцаа, судлаач, оюутан солилцоог үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон.
Өөр нэг чухал хамтын ажиллагааны хувьд орон нутаг хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх байлаа. Үүнд Монгол Улсын Баянхонгор аймаг Беларусь улсын Гомель муж, Хэнтий аймаг болон Могилёв муж хооронд худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллахаар тохирлоо. Ингэснээр хоёр улсын харилцаа зөвхөн төв байгууллага, төрийн дээд түвшний хүрээнд бус, орон нутаг, бизнесийн байгууллагуудын түвшинд өргөжих нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна.
Айлчлалын үеэр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн боломжийг бүрэн ашиглах асуудлыг хөндсөн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн мэдээллээр хоёр тал худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон. Энэ нь Беларусийг Монгол Улсын Евразийн зах зээлтэй холбогдох худалдаа, үйлдвэрлэлийн түншүүдийн нэг болгон хөгжүүлэх боломжтойг харуулж байна. Гэхдээ худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэх нь биелсэн үр дүн бус, цаашид хэрэгжүүлэх зорилт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Энэ удаагийн айлчлалын зөвхөн улс төр, эдийн засгийн ач холбогдлыг авч үзвэл хоёр улсын харилцааны эрх зүйн суурийг бэхжүүлж, 2027–2029 оны хамтын ажиллагааны замын зураглалыг баталгаажуулсан. Худалдаа, эдийн засгийн харилцааг бодит агуулгаар баяжуулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарт бизнесийн шинэ түншлэл бий болгох эхлэлийг тавьснаараа маш чухал. Түүнчлэн спорт, боловсрол, хэвлэл мэдээлэл, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр улсын харилцааг зөвхөн төрийн дээд түвшинд бус, иргэд, байгууллага, бизнес эрхлэгчдийн түвшинд хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн гэж дүгнэхээр байна.
Минск хотноо зохион байгуулагдсан “Монголын соёлын өдрүүд”
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Минск хотноо “Монголын соёлын өдрүүд” зохион байгуулж, Монголын үндэсний урлаг, түүх, соёлын өв, уламжлалыг Беларусийн ард түмэнд толилуулсан сайхан үйл явдал боллоо.
Хамгийн сэтгэл хөдөлгөсөн үйл явдал бол Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн толилуулсан “Монголын сайхан орон” тоглолт байлаа. Тоглолт Беларусийн нийслэл Минск хотын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж, Монголын үндэсний урлагийн олон төрөл, нүүдэлчин соёлын онцлог, ардын уламжлалт урлагийг нэгэн дор хүргэсэн явдал юм.
“Монголын сайхан орон” тоглолтоор Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монголын үндэсний урлагийн шилдэг бүтээлүүдээс толилуулж, монголчуудын соёлын өв, урлагийн уламжлалыг Беларусийн үзэгчдэд хүргээд зогсохгүй мөн Минск хотноо Монголын гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуурын үзэсгэлэн гаргасан нь соёлын өдрүүдийн нэгэн чухал хэсэг байлаа. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, өргөн уудам тал нутаг, нүүдэлчин ахуй, ард түмний зан заншил, уламжлалт амьдралын хэв маягийг харуулсан харин морин хуурын үзэсгэлэнгээр Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн түүх, хийц, соёлын утга агуулгыг танилцуулсан юм.
Ийнхүү концерт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнг хослуулсан арга хэмжээ нь Монголын соёлыг зөвхөн тайзны урлагаар бус, түүх, ахуй, уламжлал, үндэсний өвөөр нь цогцоор нь таниулахад чиглэв. Энэ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ 2027 онд тохиох Монгол, Беларусийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг угтсан соёлын хамтын ажиллагааны нэгэн бодит илэрхийлэл боллоо. Тус хүндэтгэлийн тоглолтод Беларусийн төр, нийгэм, соёл урлагийн төлөөлөгчид болон олон нийт оролцсон нь Монголын үндэсний урлагийг тус улсын үзэгчдэд шууд хүргэх, хоёр орны соёлын харилцааг олон нийтийн түвшинд өргөжүүлэх ач холбогдолтой байлаа.
Эдгээр арга хэмжээ нь соёлын дипломат ажиллагааны бодит жишээ юм. Өөрөөр хэлбэл, улс орнууд зөвхөн төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээ, гэрээ хэлэлцээрээр бус, урлаг, соёл, түүх, уламжлалаараа дамжуулан харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлдэг. Монголын соёлын өдрүүд нь Монгол Улсын үндэсний өв, соёлын онцлогийг Беларусийн ард түмэнд таниулахын зэрэгцээ хоёр орны ард түмний найрамдал, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо гэж үзэж байна,
Ийнхүү энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Беларусь улсад хийсэн төрийн айлчлал манай хоёр улсын харилцаанд өндөр үр дүнтэй айлчлал болсон гэж дүгнээд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
