Наадмын баярын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна

М.Батчимэг, ikon.mn
57 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

  • Цаг агаарын муудах үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлүүлэх, үрсэлгээ хамгаалах болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөжээ. 
  • Хоёрдугаар арав хоног буюу наадмын баярын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч нутгийн зүүн хэсгээр зарим хугацаанд сэрүүн, хур тунадас ахиу орон магадлалтай байгаа юм байна. 
  • Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм. Товчхондоо 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг. Иймд долоодугаар  сард олон жилийн дунджаар хэр их хур тунадас ордог, агаарын температур хэд орчим байдаг болон энэ жил тухайн утгаас ямар байх талаар харьцуулж хараарай. 

7-р сарын ОЖД: 

Долоодугаар сарын агаарын температурын ОЖД нь:  Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...14°С, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг байна. 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар:  Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.  

2026 оны 7-р сарын төлөв: 

  • Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Баянхонгорын нутаг, Завхан, Говь–Алтайн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна. 

Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүл үеэр ОЖД-аас бага буюу сэрүүн байх бол нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

  • Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Сарын эхний хоногуудад харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс эхлэн сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°C–аар бага буюу сэрүүн байх бол хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас их буюу дулаан байхаар байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.

  • Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас бага буюу сэрүүн, хур тунадасны хувьд Дорнодын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна. 

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5°C–аар бага байхаар байна. Цашлаад хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеэр ОЖД–аас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.

  • Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь аймгийн баруун хэсгээр ОЖД-аас их буюу дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ОЖД–аас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас их буюу дулаан байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна. 

Агаарын температур: 

 Долоодугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар ОЖД-аас сэрүүн байх төлөвтэй байна.

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн] 

2026 оны 7–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв
7 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
 

 

Хур тунадас:  

Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна. 

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД–аас бага] 

2026 оны 7–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв
7-р сарын хур тунадасны ОЖД (1991-2020)