Ираны шигшээ баг хасагдах шатанд шууд өрсөлдөх эрхээ авахад аз дутав
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий G хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.
Хэсгийн шатны эхний хоёр тоглолтын дараагаар ердөө хоёр оноотой "мунгинаж" явсан Бельгийн шигшээ баг Шинэ Зеландыг 5:1-ээр илүүрхсэнээр хэсгээ тэргүүлэв. Тэд Египетийн шигшээ багтай оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр урд нь жагсав.
Харин энэ хэсгийн нөгөө хос Египет, Ираны багийн тоглолт 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан юм.
Тоглолтын эхний хагасын тав дахь минутад Махмоуд Сабер гоолын салхийг хагалсан ч удалгүй Рамин Резаиен тооны харьцааг тэнцүүлсэн. Иранчууд тоглолтын эцсийн цэг хүртэл хожлын төлөө зүтгэсэн ч аз дутав.
Ялангуяа шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Шожа Хализадех Египетийн хаалгыг мялаасан ч бичлэг үзсэний дараа гоолыг отон гэж үзсэн юм.
Ийнхүү үндсэн цаг эвийн гэрээгээр өндөрлөснөөр Египетийн шигшээ баг хоёроор шалгарлаа. Тэд шигшээ 32-т Австралийн багтай хүч үзнэ.
Харин Ираны багийн хувьд гуравдугаар байр эзэлсэн тул маргаашийн тоглолтын үр дүнг хүлээх боллоо.
Одоогоор Ираны шигшээ баг гурван оноотойгоор гуравдугаар байр эзэлсэн багуудаас зургаадугаарт жагсаж байна. Маргааш Алжир, Ардчилсан Конго болон Хорватын багууд тоглоно. Ардчилсан Конго Узбекистаныг заавал хожих даалгавартай. Алжир, Австрийн багийн хэн хожсон нь шууд хоёроор шалгарна. Тэнцвэл Австри гоолын зөрүүгээр давуу талтай. Хорватчууд хожвол нэгээр ч гарах боломж бий тул Ганын эсрэг бүхнээ дайчлах болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

