ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнод аймгаас эхэллээ
Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар эхэллээ. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын дунд зохион байгуулж буй энэхүү тэмцээний салхийг Дорнод аймаг хагалж буй бөгөөд бусад аймаг, дүүргийн тэмцээнүүд 8-р сарын 20-ныг хүртэл үе шаттай үргэлжилнэ.
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, бие бялдрын хөгжил болон багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ. Эдгээр талбайд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнөө жил 35 жилийнхээ ойн хүрээнд тус тэмцээний цар хүрээг илүү өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байна.
Тэмцээний үе шатууд:
- Эхний шат: 2026 оны 8-р сарын 10–20-ны өдрүүдэд ХААН Банкны аймаг, орон нутгийн төв салбараар дамжуулан 21 аймаг, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэгт энэхүү тэмцээнийг зохион байгуулна. Эрэгтэй, эмэгтэй төрлийн I, II байранд шалгарсан багууд бүсийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болно.
Тэмцээн зохион байгуулах өдрүүдийн хуваарь, багуудын мэдүүлэг болон техникийн зөвлөгөөний мэдээллийг орон нутгийн ХААН Банкны төв салбараас авах боломжтой.
- Бүсийн шат: 2026 оны 8-р сарын 24–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3х3 сагсан бөмбөгийн талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээн мөн зохиогдох юм.
- Финалын шат: Бүсээс шалгарсан шилдэг багууд 2026 оны 8-р сарын 29, 30-ны өдрүүдэд финалын шатанд өрсөлдөж, аваргуудаа тодруулна.
Дорнод аймгийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 27 багийн 108 тамирчин өрсөлдөж буй. Ийнхүү өнгөрсөн оноос оролцогчдын тоо нэмэгдсэн нь тус аймагт 3х3 сагсан бөмбөгийн спортыг сонирхогч хүүхэд залуусын идэвх оролцоо өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуусын дунд спортын соёлыг түгээж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх боломж олгодгоороо онцлогтой. Энэ жил ч мөн адил Монгол орны өнцөг булан бүрд спортын уур амьсгалыг бүрдүүлэн, эрүүл, идэвхтэй амьдралын үнэ цэнийг түгээх онцгой мөчийг бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
