“KHARKHORUM BAZAAR” арга хэмжээ наймдугаар сарын 11-20-ны өдрүүдэд нийт 10 өдрийн турш зохион байгуулагдана
Монголын өв соёл, үндэсний бүтээгдэхүүн, гар урлал, хоол үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл, урлагийн тоглолтыг нэг дор төвлөрүүлсэн "Kharkhorum Bazaar" арга хэмжээ наймдугаар сарын 11-20-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 10 өдрийн турш зохион байгуулагдана. Тус арга хэмжээ өдөр бүр 10:00-23:30 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй, нээлттэй явагдах юм.
"Kharkhorum" визуал арт ба хөгжмийн фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Kharkhorum Bazaar" нь уламжлалт үзэсгэлэн худалдааны ойлголтыг илүү өргөжүүлж, худалдаа, хоол үйлдвэрлэл, үндэсний өв соёл, гар урлал, бүтээлч үйлдвэрлэл, энтертайнментыг нэгтгэсэн хотын нээлттэй соёлын орон зайг бүрдүүлэхээрээ онцлог юм.
Нийт 70 гаруй аж ахуйн нэгж оролцох Bazaar-ийн талбайг худалдааны, хоол үйлчилгээний, туршлагын, шингэн хүнсний гэсэн дөрвөн үндсэн бүсэд хуваан зохион байгуулжээ. Ингэснээр зочид үндэсний брэндүүдийн бүтээгдэхүүнтэй танилцах, гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийн бүтээлүүдийг худалдан авах, төрөл бүрийн хоол, ундаа амтлахын зэрэгцээ соёл, урлагийн олон төрлийн хөтөлбөрийг үзэн бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Bazaar-ийн хамгийн онцлох хэсэг болох туршлагын бүсэд Монголын дархан, урчууд бүтээлээ газар дээр нь урлан үзүүлж, уламжлалт урлалын арга барил, бүтээл хийх үйл явцаа танилцуулна. Зочид дархны урлал, мөнгөн эдлэл, эсгий урлал, уран бичлэг, уран зураг зэрэг Монголын уламжлалт урлагийг ойроос үзэж, урчуудтай шууд уулзан ярилцаж, бүтээл хийх үйл явцыг бодитоор мэдрэх боломжтой юм байна.
“Kharkhorum Bazaar”-ийн бас нэгэн онцлог нь үзэгчдэд зориулсан өдөр бүрийн өөр өөр тайзны хөтөлбөрүүд юм. Нээлтийн өдөр "Түмэн Эх" чуулга тайзнаа тоглох бол дараагийн өдрүүдэд юүтүбэр Tushig, Amaraa's Weekly Show, UB Quiz night, яруу найргийн үдэш, “Шар гэгээ” задгай кино үзвэр гарч, монгол болоод олны сэтгэлд хоногшсон гадаад киноны симфони оркестра, KatyaZol загварын шоу зэрэг үзэгчдийн өргөн хүрээг хамарсан онцлох арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үндсэн тайзны хөтөлбөрөөс гадна үндэсний урлагийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, DJ сет, циркийн үзүүлбэр зэрэг нэмэлт хөтөлбөрүүд үргэлжилж, Bazaar-ийн уур амьсгалыг өглөөнөөс орой хүртэл амьд, эрч хүчтэй байлгах юм.
Ингэснээр "Kharkhorum Bazaar" нь худалдаа, үндэсний брэндүүд, гар урлал, хоол үйлдвэрлэл, соёл, урлаг, энтертайнментыг нэг дор нэгтгэсэн хотын шинэ нээлттэй соёлын орон зай болж, Улаанбаатар хотын иргэд болон гадаадын жуулчдад Монголын бүтээлч үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэлбэрээр мэдрэх шинэ туршлагыг санал болгож байна.
Амьд хөгжим, сонирхолтой шоу, үндэсний гар урлал, бүтээлч брэндүүд, амтат хоолыг нэг дор мэдэрч, өдөр бүр өөр өөр өнгө төрхтэй хөтөлбөрөөр дүүрэн Kharkhorum Bazaar-т уулзацгаая!
Kharkhorum Bazaar-ийн өдөр бүрийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны Kharkhorum Festival хуудаснаас авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
