БАЙР СУУРЬ: Шатахууны богино хугацааны шокоос гарахын тулд ЗГ ямар бодлого баримталж байна вэ?
Өнгөрсөн амралтын өдрөөр болон өчигдөр Засгийн газраас шатахууны хомстолтой холбоотойгоор хийж хэрэгжүүлж буй бодлогын ажлууд болох хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй нөөцийн савнууд мөн нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж олон нийтэд мэдээлсэн юм.
Энэ үеэр шатахууны богино хугацааны шокоос гарахын тулд Засгийн газар ямар бодлого баримталж байгаа талаар Ерөнхий сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Сангийн сайд нарын байр суурийг хүргэж байна.
САНАЛ БОЛГОХ: ТАНИЛЦ: Улаанбаатар хот болон таван аймагт баригдаж буй газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 23 нөөцийн сав
"30 жил үргэлжилсэн нэг сарын нөөцийн тогтолцоог өөрчилж байна"
Ерөнхий сайд Н.Учрал
"Манай Засгийн газрын үед газрын тосны бүтээгдэхүүн агуулах сав барихад ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож татаасыг нь төсөв дээр тавиад явж байна. Төр 100 хувь хөрөнгө оруулалт хийхгүйгээр татаасыг нь өгөөд явбал богино хугацаанд үр дүнд хүрдэг гэдгийг ашиглалтад ороход бэлэн болоод буй "Сан петролиум" ХХК-ний жишээ харуулж байна.
Өмнө нь хувийн бүх компаниудын нөөцийн савыг бүтэн ашиглахад нэг сар л нөөцөлдөг байсан. Нэмж нөөцийн сав барих ажил дээр санаачилга гаргахгүй 30 гаруй жил явсан байна. Бид ирэх оны төсөв дээр ч гэсэн хүүгийн татаасыг тавьж санхүүжилтийг дэмжээд явна. Орон нутгуудад ирэх гурван жилд нөөцийн сав барина.
Түүнчлэн бид нэг л эх үүсвэрээс хямд авч буй бензинээ ард иргэддээ өндөр үнээр зарахгүй нь тулд үнийн зөвлөлд тодорхой тохиролцоо хийж үнийг хөөрөгдөхөөс сэргийлдэг. АИ-92 бол ард түмний автобензин. Хэрэв олон эх үүсвэрээс авдаг байсан бол өөр асуудал.
Маш олон эх үүсвэртэй болж байж үнийг чөлөөлөхгүй бол талх, гурил гээд олон бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Үүнийг сөрөг хүчний намууд хоосон улс төржилт болгож цөөхөн хэдэн компанийн лоббид орж болохгүй.
Монголд 200-аад автобензин нийлүүлдэг компани байгаагаас 10-аад нь л үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. Нэг компани нь л гэхэд нийлүүлэлтийн 50 хувийг эзэмшиж байна. Гэтэл үнэ чөлөөл гэдэг нь "дураараа үнээ тогтоо, хомстолтой байгаа учраас хэд ч байсан хамаагүй авахаар байна. Энэ цаг үеийг ашиглаад бизнес хийгээд авъя" гэсэн далд санаа байна" гэв.
Иймд иргэдийгээ богино хугацааны шок, үнийн өсөлтөөс хамгаалахын тулд манай Засгийн газар бодлогын том алхмууд хийсний үр дүн нь эдгээр нөөцийн савнууд болон нефтийн үйлдвэр юм.
Нефтийн үйлдвэрийн санхүүжилтийг огт гацаахгүй. Түүхий эдийг нийлүүлэх ажлуудыг шамдуулна. Манай Засгийн газар 100 хоногтоо санхүүжилтийн гацааг гаргаснаар ажил маш үр дүнтэй явж байгааг хараад баяртай байна. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхий сайдын хувьд бүрэн хяналтад авч байна. Үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлнэ.
Шаардлагатай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр бүх талаар дэмжинэ. Надад тавьсан саналуудыг нь Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар бүгдийг нь хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Энэ бол бодит бүтээн байгуулалт. Хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх түүхэн ажил юм.
Шат шатанд сайд нар холбогдох асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Хэрэгжилтийг биечлэн долоо хоног тутам хянана. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна. Онгоцны түлш 100%, шатахуун, түлшний 55-60% хангагдана. Шинээр 850-900 ажлын байр бий болно" гэв.
"Бусад улсуудаас ядаж 30 хувиа авдаг болох тухай яриа хэлэлцээрүүд хийж байна"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
"Энэ ондоо багтаад улсын хадгалах хүчин чадлыг 45 хоногт хүргэнэ. Ирэх жилийн наймдугаар сард 60 хоногт хүргэнэ. Дэлхий нийтийн нөхцөл байдлаас болж богино хугацааны үнийн өсөлт болон тасалдал олон удаа тохиолдох эрсдэл байна. Иймд савыг уг эрсдэлийг давж чаддаг байхын тулд савнуудаа бэлдэж байна.
Газартай, зурагтай, техникийн шаардлага хангасан ААН-үүдээ зээл олгоод 23 байршилд 300 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 300,000м3 сав барьж байна.
Ирэх онд ч энэ ажил үргэлжилнэ. Агуулах барих хүсэлтэй шаардлага хангасан ААН-үүдэд бүгдэд нь зээл олгоно. Төр 9 хувийг нь дааж байгаа. ААН-үүд бодлогын хүүгээс хамаараад 6-7 хувийн хүүтэй зээл авч байна гэсэн үг.
Мөн Хятад, Солонгос, Казахстан, Сингапур зэрэг орнуудаас эх үүсвэрийнхээ ядаж 30 хувийг авдаг болох тухай яриа хэлэлцээрүүд хийж байна. Өөрийн гэсэн хадгалах сав, нефтийн үйлдвэртэй, газрын тосоо дотооддоо олборлодог байсан бол 30 жил энэ маргааныг тойрч зугтаахгүй байх байсан. Иймд шатахууны хамааралт байдлаас гарах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Түүнчлэн газрын тосны үйлдвэрийн ажил 24 цаг тасралтгүй явагдаж байна. Газрын тосны олборлолтоо хийх гэж байна. Петро чайна компанитай 33 жилийн маргаантай байсан. Энэ маргааныг шийдлээ. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын 50 хувийг хангана. Газрын тосны үйлдвэрийн барилгын ажил 2021 онд эхэлсэн. Ковид-19-өөс болж зогсоод 2024 оноос л үргэлжилж байна.
Олон улсад үүссэн асуудлууд ойрын хугацаанд дарагдахааргүй байна. Иймд шатахууны тасалдал, үнийн өсөлт бол байнгын асуудал болсон. Дэлхийн Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр дэлхийн түүхэнд байгаагүй газрын тосны хямрал явагдаж байна. Ийм хямралын үед сөрөн тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлж ядаж гурван сарын хямрал, үнийн өсөлтийг давж чаддаг болох бодлогыг шинээр хэрэгжүүлээд явж байна.
Түлш шатахууны хэрэглээ жилд 14 хувиар өсөж байна. Хоёр жилийн дараа дизель түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ. Иймээс нөөцийн саваа нэмэх ажлаа эрчимтэй хийж байна" гэв.
"Төсвийн тодотгол нь эрчим хүч, шатах тослох материал болон хүнсний ногооныхоо стратегийн нөөцийг бүрдүүлэх чиглэлд байна"
Сангийн сайд З.Мэндсайхан
Засгийн газар хүүгийн хөнгөлөлт үзүүлж төр зээл авсан аж ахуйн нэгж дээр ирж байгаа хөрөнгө оруулалтын ачааллыг нь бууруулж байна. Энэ онд 20 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн татаасанд тавьсан. Ирэх онд төсөв дээр 60 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг төлөвлөөд байна.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Иймд саваа бэлдэхийн тулд арилжааны банкны хүүгийн 9 хувийг төр даагаад компаниуд саваа бэлдэж байна. Савгүй байж сааль хураах тухай яриад байна. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг ажиллаж байхад үнийг дэвэргэхийг уриалаад байна. Бензиний үнэ өсчихвөл жижиг дунд бизнесүүд бүгд хаагдана шүү дээ.
Засгийн газар төсвийн тодотголыг маш богино хугацаанд өргөн барина. Мөчлөг сөрсөн бодлогыг Засгийн газар барьж байгаа. Төсвийн тодотгол нь эрчим хүч, шатах тослох материал болон хүнсний ногооныхоо стратегийн нөөцийг бүрдүүлэх чиглэл байна.
Нефтийн үйлдвэрийн хувьд төслийг үйлдвэрлэл технологийн парк болгосноор олон эерэг үр дүн гарна. Үр дүнд нь үл хөдлөхийн болон газрын татвараас 5-10 жил чөлөөлөгдөнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!









