Ш.Энхийн-Од "Орландо"-гийн зуны лигийн багт багтав

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны шинэ тоглогчдын сонгон шалгаруулалт өндөрлөсөн. Энэ жилийн драфтад Монгол Улсын тамирчин Ш.Энхийн-Од нэрээ өгсөн ч сонгогдоогүй билээ.

Ингэснээр тэр дараагийн алхмаа хийв. Энэ нь Зуны лигт тоглох юм. Голдуу шинэ тоглогчид болон лигт элсээд дөрвөн жил болсон залуу тоглогч, драфтад нэрээ өгсөн ч сонгогдоогүй залуусаар багаа бүрдүүлэх Зуны лигийн багууд одоогоор бүрэлдэхүүнээ бүрэн зарлаагүй байна.

Өнгөрсөн жилийн хувьд багууд долдугаар сарын 2-ны өдөр бүрэлдэхүүнээ зарлаж байсан юм. Харин энэ жилийн Зуны лиг АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо ирэх сарын 9-нөөс 19-нийг дуустал үргэлжлэх юм.

"Орландо"-гийн хувьд энэ жилийн драфтын нэгдүгээр тойрогт сонгох эрхгүй. Тэд хоёрдугаар тойргийн №46-гаар Нигерийн Феликс Окпараг сонгосон ч солилцоогоор "Вашингтон Визардс" руу явуулаад №51-ээр Өмнөд Флоридагийн их сургуулийн довтлогч Айзия Нелсоныг эгнээндээ элсүүлсэн. 

Өдгөө 22 настай А.Нелсон хүчний довтлогч, төвийн тоглогчийн байрлалд тоглодог. Коллежид Арканзас Стэйт болон Өмнөд Флоридагийн багт тоглосон туршлагатай. 

Мөн өнгөрсөн жилийн драфтын 25 дахь сонголт болох Жэйс Ричардсоныг ч зуны лигийн багт дуудагдаж магадгүй юм.

Ямартай ч зуны лигийн багт үндсэн багтаа гэрээтэй гурван тоглогчийг дуудах эрх багуудад бий. Харин үлдсэн 10 тоглогч нь албан ёсны гэрээгүй тоглогч байх ёстой. Зуны лигт өөрийгөө харуулж чадсан тоглогчид Хөгжлийн лигийн баг эсвэл баталгаагүй гэрээгээр үндсэн багт орох боломж бий.

Зуны лигийн багт багтсан тоглогчдод цалин өгдөггүй ч ойролцоогоор $1,500 тэтгэлэг, хоол болон замын зардлын мөнгө өгдөг байна. 

"Орландо Мэйжик"-ийн хувьд өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд дасгалжуулагчаа сольсон. Өнгөрсөн улирлын дэд аварга "Сан Антонио Спөрс"-ийн ахлах дасгалжуулагч Мич Жонсонгийн багийг ахалсан Шон Свийнейгийн удирдлага дор шинэ улирлаа эхлүүлэх юм. Түүний дасгалжуулагчийн багийн Ди Жэй Бэккер, Мфон Удофиа, Райли Креан нарын нэг нь зуны лигийн залуучуудыг ахлах үүрэгтэй.