₮2 сая хүртэлх орлоготой хүн ₮12 мянгын ХХОАТ төлдөг болох хууль 2028 оноос хэрэгжиж эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас тавдугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. 

Татварын багц хууль дотор Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр шатлалыг нэмж байгаа юм. Тухайлбал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар 10, 15, 20 хувийн Хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ)-ын тогтолцоотой.

Тэгвэл өнөөдөр шинэчлэн баталж буй хуулиар хэдэн ч төгрөгийн орлоготой хүн байсан 0-792 мянган төгрөг хүртэлх орлого дээрээс татвар авахгүй байхаар зохицуулсан. Харин 792 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх орлого дээр нэг хувийн татвар авахаар болж байгаа юм.

Жишээлбэл одоогийн хуулиар хоёр сая төгрөг хүртэлх орлоготой хүн ХХОАТ-т 200 мянган төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн шатлалаар 12 мянган төгрөг төлдөг болно. Гурван сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдөр 300 мянган төгрөгийн татвар төлдөг бол шинэчилсэн шатлалаар 112 мянган төгрөгийн татвар төлнө. 

Гэхдээ 792 мянга хүртэлх орлогыг татвараас чөлөөлсөн хуулийн заалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм байна. Харин хоёр сая хүртэлх орлогын хэмжээнээс нэг хувийн татвар авах хуулийн заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр эцэслэн баталжээ.

зураг