Нэг шөнийн дотор Украины 660 нисгэгчгүй онгоцыг унагаснаа Оросын батлан хамгаалах яам мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын 12 бүс нутаг, түүнчлэн эзлэгдсэн Крымийн хойг, Хар тэнгис, Азовын тэнгист Украины 660 орчим нисгэгчгүй онгоцыг нэг шөнийн дотор унагаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам Баасан гарагт мэдээлжээ.

Үүнийг дайны дөрвөн жил гаруй хугацаанд Оросын нутаг дэвсгэрт Украины явуулсан хамгийн том агаарын довтолгоонуудын нэг гэж үзэж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Украины явуулсан хамгийн том довтолгоо нь тавдугаар сарын 17-ны өдөр 556 нисгэгчгүй онгоцоор дайрсан тохиолдол байжээ.

Уг халдлагын дараа Оросын эрх баригчид Крымийн хойгт онц байдал зарласан байна.

“Крымийн Бүгд Найрамдах Улс болон Севастополь хотод бүс нутгийн түвшний онц байдал зарлах тухай тогтоолд гарын үсэг зурлаа” гэж Москвагаас томилогдсон захирагч Сергей Аксёнов өчигдөр Телеграм сувгаараа мэдээлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украины халдлага юуг чиглэж байсан, ямар хохирол учруулсан талаар ихэнхдээ мэдээлэл өгдөггүй.

Орон нутгийн эрх баригчид ч бас өчигдрийн халдлагын хохирлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна.

Тухайлбал Москва хотын захирагч Сергей Собянин нийслэл хотыг чиглэсэн Украины 47 нисгэгчгүй онгоцыг устгасан тухай мэдээлэхдээ ямар нэг хохирлын талаар дурдаагүй юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “40 өдрийн нөлөөллийн ажиллагаа” эхлүүлж байгаагаа сошиал хуудсаар зарласнаас хойш хэдхэн цагийн дараа уг халдлага болсон байна.

Зеленскийн дурдсан ажиллагаа нь Оросын эрх баригчдаар эхлүүлсэн дайнаа дуусгах шийдвэрийг хүчээр гаргуулахын тулд агаарын довтолгоогоо эрчимжүүлэхийг хэлсэн бололтой.

Тэрбээр саяхан болсон Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өрнөдийн холбоотнууд, тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг авч чадсан.

Ирэх сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт нь Украины хүчийг бэхжүүлэх бас нэг чухал үйл явдал болж магадгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press