Командлагч нартаа хүчирхийлүүлсэн цэргүүд зэвсэгт бослого гаргахаар сүрдүүлснийг Кремль мэдэж байгаа гэв

Т.Давааням, ikon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Саяхан өөрийгөө Украины дайнаас буцаж ирсэн ахмад дайчин гэж танилцуулсан нэг эр Оросын арми дахь дэглэлт, хүчирхийллийн асуудлаар ерөнхийлөгч Путинтэй уулзах боломж олгохгүй бол цэргүүд Кремлийн эсрэг зэвсэгт бослого гаргахаар бэлдэж байгааг мэдэгдсэн юм.

Александр Лунин гэгч энэ эрийн сошиал орчинд цацсан видео мэдэгдэл олон сая хүнд хүрээд байна.

Тэрбээр Оросын армийн командлагч нарын цэргүүдтэй зүй бусаар харилцсан талаар “бүх үнэнийг” Путинд хэлэхийг хүсжээ.

Пүрэв гарагт Инстаграм сүлжээнд нийтэлсэн хоёр дахь мэдэгдэлдээ тэр Путинтэй уулзах шаардлагаа дахин давтсан байна.

“Хэрвээ ойрын үед Кремльд намайг урьж, таны хажууд шууд эфирээр ярих боломж олгохгүй бол цэргүүд зэвсгээ Кремлийн эсрэг эргүүлэх болно” гэж Лунин мэдэгдэлдээ анхааруулжээ.

“Би зүгээр л мэдэгдлийг дамжуулж байгаа хүн” гэж хэлсэн тэрбээр батлан хамгаалах яам, аюулаас хамгаалах байгууллагын өндөр албан тушаалтнуудын хүсэлтээр уг мэдэгдлийг хийснээ тайлбарласан байна.

Баасан гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков ийм дүрс бичлэг тарсан тухай сонссон ч Путин болон түүний захиргааныхан хараахан үзэж амжаагүй байгааг хэлжээ.

“Таны асуултаас үг хэллэг, агуулга нь нэлээд хачирхалтай сонсогдож байна. Бид уг бичлэгийг эхлээд үзэх хэрэгтэй” гэж Песков энэ талаар асуусан сэтгүүлчид хариулсан юм.

Лунинийг хэвлэлүүд Оросын өмнөд бүсийн Воронеж мужаас гаралтай, 39 настай ахмад дайчин болохыг олж тогтоосноо мэдээлж байна.

Эх сурвалж: The Moscow Times