"Соёл-Эрдэнэ хамтлаг анх яаж эгшиглэж байсан яг л тэр он цагийг тоглолт болох үдэш бүтээнэ"

М.Батчимэг, ikon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Даншиг наадмын хаалтын арга хэмжээг зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Сүхбаатарын талбайд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах гэж байгаа юм байна. 

“Соёл-Эрдэнэ 55” хүндэтгэлийн тоглолтод Монголын рок, попын амьд домгууд болох МУУГЗ Б.Наранбаатар, МУУГЗ Д.Цэрэнбат, Төрийн соёрхолт, МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Г.Жаргалсайхан, МУГЖ Ч.Насантогтох, МУУГЗ Б.Батчулуун, МУУГЗ Я.Одсүрэн, Төрийн соёрхолт МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Д.Өлзий-Орших, болон хөгжимчин Б.Нарангэрэл, Х.Тунгалагтамир, дуучин Б.Хонгор, Б.Баярцэцэг, Н.Наранбаатар /Наагий/ Б.Нацагдорж /Наки/, Б.Оюу, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, нийслэлчүүдэд ая дуугаа өргөнө. 

Соёл-Эрдэнэ хамтлаг анх яаж эгшиглэж байсан яг л тэр он цагийг тоглолт болох үдэш бүтээнэ гэдгийг тус хамтлагийн дуучин МУГЖ Ч.Насантогтох онцолсон юм. 

"Соёл-Эрдэнэ" хамтлагийг үүсгэн байгуулагч, MУУГЗ Б.Наранбаатар “Тэртээх 55 жилийн өмнө Монгол Улсад анх рок попын үндэс суурийг тавилцаж, нөхдийнхөө хамт “Соёл-Эрдэнэ” хэмээх нэрийг өгч байлаа. Ингээд “Соёл-Эрдэнэ” чуулга өргөжин филармонитой нийлээд олон жил уран бүтээлээ туурвисан.

“Соёл-Эрдэнэ” чуулга бол Монголын рок поп хөгжмийн урсгалын дээд сургууль юм. Учир нь энэ чуулга байгуулагдсанаас хойш “Харанга”, “Хурд”, “Инээмсэглэл” зэрэг маш олон хамтлаг, дуучин, урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан билээ. 55 жилийн хугацаанд манай хамтлаг зөвхөн өөрийн орноор аялан тоглоод зогсохгүй Монгол орныхоо рок поп дуу хөгжмийг дэлхийн өнцөг бүрд түгээж явсан.

Энэ сайхан үе явдлыг тохиолдуулан үе үеийн Соёл-Эрдэнэчүүддээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Шүтэн бишрэгчид, ард түмэндээ баярын мэнд хүргэе” гэв. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС