"ТЭСО Фүүдс парк" Монгол бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, үнэ цэнийг олон улсад бататгах хүчин чадлаа нэмэгдүүллээ

М.Батчимэг, ikon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хүнсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын жишиг үйлдвэрлэлийн бүс болох "ТЭСО Фүүдс парк”-тай  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр танилцлаа. 

30 жилийн ой нь тохиож буй ТЭСО Групп нь Монгол орны нөхөн сэргээгдэх түүхий эдээр олон улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “ТЭСО Фүүдс парк” цогцолборыг  2025 онд бүрэн ашиглалтад оруулсан ба үйлдвэрийн хүчин чадлаа гурав дахин өсгөөд байгаа юм байна. 

Тус үйлдвэрийн хүчин чадал өссөнөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гадна бүтээгдэхүүнүүдээ олон улс руу экспортод гаргахад асуудалгүй хэмжээний орон зай, хүчин чадалтай болж байгаа ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүх стратегийн үйлдвэр болсон байна гэдгийг онцолжээ. 

"Манай улсын байгалийн органик түүхий эд нь экспортод хөгжих ялгарал болж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэсо Фүүдс Группийн Гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал "Одоогоор ТЭСО Фүүдс парк нь гурав дахин өсгөөд буй хүчин чадалдаа бүрэн тулгаагүй байна. Учир нь үлдэж буй хүчин чадал бол экспортод буюу дэлхийн зах зээлд өрсөлдөхөд зориулагдсан орон зай юм. 

Тэсо Фүүдс Групп нь 2021 оноос хойш Монгол Улсын хүнсний №1 экспортлогч аж ахуйн нэгж болсон. Албан ёсоор БНХАУ, Киргизстан, Казахстан, Солонгос, Япон, АНУ зэрэг 10-аад улс руу экспорт хийж байна. Европт мөн экспортлохоор яриа хэлэлцээний шатандаа явж байгаа. Эдгээр улсууд нь өөрсдөө маш том үйлдвэрлэгчид учир өртгөөр өрсөлдөх боломж хомс. Харин манай улсын байгалийн органик түүхий эд нь ялгарал болж хөгжих боломж болж байгаа юм.

Учир нь дэлхийн улс орнууд өндөр хөгжилтэй болох тусмаа массын үйлдвэрлэлээс илүү органик, байгалийн гэх мэт онцлог ялгаралтай зүйл рүү тэмүүлдэг болсон. Уг ялгаралд манай бүтээгдэхүүнүүд нийцэж байгаа учир энэ чиглэлд бизнес хөгжлөө чиглүүлж байна. Хэрэглэгчид нийцэмжтэй зүйлийг олж илрүүлэн Монголын органик түүхий эдтэй хослуулан үйлдвэрлэж байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“ТЭСО Фүүдс парк”-ийн 13 га талбайд тус тусын чиглэл бүхий нийт есөн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Иймд тус үйлдвэрүүдийн бохир усыг цэвэршүүлэх хоногт 1,000-1,500 м3 хүртэлх хаягдал ус боловсруулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа юм байна. Уг байгууламж нь тус талбай дахь нийт үйлдвэрүүдийн хэрэглээнээс гурав дахин өндөр хүчин чадалтай бөгөөд цаашид өсөн нэмэгдэх хэрэглээгээ бүрэн хангахаас гадна эргэн тойрныхоо үйлдвэрүүдийн усыг цэвэршүүлэн хамтарч ажиллах зорилготой аж. 
Мөн  “ТЭСО Фүүдс парк” цогцолборт 150-200 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийг байгуулжээ. Тус цэцэрлэгт 70-80 хувь нь ажилчдын хүүхдүүд байх бол үлдсэн хувь нь тус бүс нутгийн хүүхдүүд байна гэв. Тэсо Фүүдс Групп цэцэрлэгийн бүх зардлыг дааж байгаа бол менежментийг төр хариуцаж байгаа нь төр хувийн хэвшлийн хамтарч болох маш том жишээ боллоо гэдгийг онцлов.  

Монголоос хамгийн анх ЗАЙРМАГ ЭКСПОРТЛОСОН компани

Айсмарк ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганчимэг "Айсмарк зайрмагийн үйлдвэр нь жилд 480 сая ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай буюу монголдоо хамгийн том нь юм. 26 брэндийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын 21 аймгийн 330 суманд хүргэж ажиллаж байна. Түүнчлэн 2023 оноос БНХАУ-руу зайрмаг экспортолж эхэлснээрээ Монголдоо анхдагч нь болсон. 

Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн эхний дамжлагаас эхлээд хамгийн сүүлийн агуулах хүрэх бүх процесс нь бүрэн автомат болсон. Түүнчлэн 10-15 сая ширхэг бүтээгдэхүүнийг агуулах хүчин чадалтай, бүрэн автомат хөлдөөсөн агуулахыг Монгол Улсад анх удаа бий болгосноороо 2025 онд "Инновац нэвтрүүлсэн компани" болсон. 

Өмнө нь хүн хөргүүртэй агуулах дотор хүйтэн нөхцөлд ажиллах шаардлагатай байдаг байсан бол одоо хүний ямар ч оролцоогүйгээр үйлдвэрийн робот гараас дамжин агуулах өөрөө өөр рүүгээ оруулаад буцаагаад гаргалтаа өөрөө хийдэг болсон гэсэн үг. Мөн  21 аймагт нөөцийн есөн агуулахыг бүсчлэн байгуулсан байгаа" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жилдээ 150-200 сая литр сүү хуурайшуулж Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэр 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын номер 1 сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч “Милко” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Доржханд "Милко компани нь 2016 оноос эхлэн Golden Milk, “Зөв” брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор экспортолж эхэлсэн бөгөөд өдгөө 10 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг Казахстан, Киргизстан, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудад тогтмол экспортолж байна.

2025 онд Монгол Улсаас БНХАУ-ын зах зээлд нийлүүлсэн сүүн бүтээгдэхүүний экспортын 85 хувийг дангаараа хангаж, уламжлалаа шинэчлэлтэй хослуулсан үндэсний экспортлогчийн байр сууриа бэхжүүлэн ажиллаж байна.

Мөн дэлхий дээр хүнсний бүтээгдэхүүнийг ердийн температурт дэлхийн аль ч өнцөг буланд хүргэх боломжтой хоёрхон технологи байдгийн нэг нь хуурайшуулах технологи юм. Манай улсад өвөл сүүний нийлүүлэлт багасдагтай холбоотойгоор жилийн сүүний хэрэглээнийхээ 40-50 хувийг гаднаас импортоор авч байна. Харин манай хуурайшуулах үйлдвэр сүүний гарц сайн зун цагт сүүгээ авч хуурайшуулаад өвлийн цагт сэргээн хэрэглэж байна. Уг хуурайшуулах үйлдвэр жилдээ 150-200 сая литр сүү хуурайшуулах хүчин чадалтай. Энэ нь Монгол Улсын нийт хэрэглээг 100 хувь хангаж чадна гэсэн үг юм.

Милко ХХК-ийн нийт таван үйлдвэр байгаа ба бүх шат дамжлагууд нь бүрэн автоматажсан буюу роботон гар бүх бүтээгдэхүүнийг тоолоод бүрэн автомат агуулах руу хүргэдэг. Бүрэн автомат үйлдвэртэй болсноор үйлдвэрийн гарц нэмэгдэж байна" гэв.  

Монгол Улсад албан ёсны франчайз эрхээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны үйлдвэр 

ТЭСО дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Цогзолмаа "ТЭСО Дэйри компани нь 2026 оны 5 сараас дэлхийд танигдсан Yoplait брэндийг Монголдоо үйлдвэрлэж, хэрэглэгчдэд Баяр баяслын амтыг түгээж эхэллээ. Ингэснээр импортын хараат байдлыг бууруулж, дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

"Yoplait" брэнд нь сүү, сүүн бүтээгдэхүүнийг фермерийн гар дээрээс шинэхнээр нь хэрэглэгчдээ хүргэх маш энгийн боловч чухал үзэл санаатай. Манай удирдлагууд Францад явж байхдаа амталж үзээд "Маш шинэ" өөр амтыг мэдэрсэн учир хоорондын харилцаагаа эхлүүлсэн байдаг. 

Монгол үнээний шингэн сүүгээ ашиглаад Францын өндөр чанарын стандартыг ханган ямар ч хугацаа уртасгагч, нэмэлт бодисгүйгээр маш богино хугацаанд шив шинэхнээр нь татан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдээ хүргэж байна. Жимсний бэлдэц нь хүртэл хатааснаараа бус шинээрээ ирдэг. Цаашид Монгол хэрэглэгч бүрийн хэрэглээ болон зах зээлийг тэргүүлэх зорилготойгоор ажиллаж байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ТЭСО Групп нь анхлан 1996 онд зайрмагийн торхон аяганы тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн гараагаа эхлүүлж байсан бол  өдгөө ТЭСО Фүүдс групп, ТЭСО Пропертис групп, ТЭСО Инвестмэнт групп, ТЭСО Индастриал парк групп гэсэн үндсэн дөрвөн чиглэлд 30 гаруй салбар компани, 2,500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 13 га талбайд байрлах "ТЭСО Фүүдс Парк" үйлдвэр нь хүнсний үйлдвэрлэлийн бүх үндсэн дэд бүтэц, үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн нэгдсэн цогцолбор гэдгээрээ онцлог юм байна. 

Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа бүрэн автомат хөлдөөсөн агуулах, робот савлагааны шугамыг ашиглалтад оруулснаар эрчим хүчний хэмнэлттэй, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, чанар стандартын эрсдэлгүй ажиллагааг нэмэгдүүлсэн байна. Мөн дэвшилтэт үйлдвэрлэлийн шугам, ухаалаг ложистикийн систем, чанарын хяналтын лаборатори зэрэг орчин үеийн технологи, шийдлүүдийг нэвтрүүлсэн онцлогтой аж. 

Ийнхүү ТЭСО Группийн  30 жилийн туршлага, үндэсний үйлдвэрлэлийн чадавх, инновац, дэвшилтэт технологийг хослуулсан бүтээгдэхүүнүүд нь Монгол орон даяар төдийгүй дэлхийн зах зээлд гарч, Монгол бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, үнэ цэнийг олон улсад бататгаж байгааг тэд онцоллоо.