Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
“Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд олон улсад нээлттэй зарласан. Сонгон шалгаруулах үйл явц дөрвөн сарын хугацаанд өрнөжээ.
“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг сайд Ж.Энхбаяр онцоллоо.
“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдэв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

