Буддын шашны Жамсран бурхны дүр "God of War" тоглоомын шинэ ангид оржээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 28 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийд алдартай цуврал тоглоомын нэг "God of War" цуврал тоглоом өнөөдөр шинэ бүтээлээ танилцууллаа.

"World of War Laufey" нэрээр худалдаанд гарах тус тоглоомд "Begtse" гэж шинэ дүр нэмэгдсэн нь номыг тэтгэгч догшин сахиус Жамсран буюу Бэгз юм.

Эл бурхан нь Богд хаан болон Далай ламын хамгаалагч бурхан бөгөөд Богдын зарлигаар 1911 онд Буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран бурхныг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг.

Жамсран бурхан нь Чойжин сахиуснууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр мутартаа нум сум зэрэг зэр зэвсэг агсан, лагшиндаа хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж, маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “Цэргийн баатар жанжин”-ы дүртэй, эрт цагаас Монголын Богд дээдсийн шүтээн болж байсан учир тийнхүү цэргийн яамны шүтээн болгон залсан түүхтэй юм.

2005 онд анх тоглоом сонирхогчдод танигдсан "God of War" буюу бурхдын дайн тоглоомын гол дүр Грекийн домог зүйн дүр болох Kratos-ийн эхнэр Laufey-гийн талаар өгүүлэх шинэ бүлэг яг хэдийгээр худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар уг тоглоом худалдаанд 2027 оны эхээр гарах бололтой. 

"God of War" тоглоом нь анх худалдаанд гарснаас хойш зургаан бүлэг, 10 анги гаргасан. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард "God of War Sons of Sparta"-г худалдаанд гаргасан юм.