Олон улсын шалгалтын оноог Элсэлтийн Шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын шалгалтын оноог Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Тодруулбал БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалт зохион байгуулах” журам, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалд заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлдэг.

Үүнд:

  • Кембрижийн AS, A,
  • IB- International Baccalaureate
  • TOEFL/IBT/
  • PTE
  • IELTS
  • SAT багтаж байна.

ОЮУТАН, СУРАЛЦАГЧ-ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ АЛХАМ

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Сурч буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчийн хувьд/

Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна. Үүнд:

  1. www.eec.mn сайтын “ОУ-н шалгалтын үнэлгээг ЭШ -ын үнэлгээтэй дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
  2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.

Холбоос: https://eyesh.eec.mn/profile/login?com=1

Холбоо барих утас: 70119498 - 5

зураг
 

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв