АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны дарга өөрөөсөө олон насаар дүү кантри дуучин бүсгүйтэй сүй тавьснаа зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 21 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны дарга Кэш Пател өөрийн найз, кантри дуучин бүсгүй Алексик Уилкинстэй сүй тавьснаа Ням гарагийн орой зарлажээ.

27 настай Уилкинс 46 настай Пателтай хамт авхуулсан хар цагаан зургаа сошиал хуудсандаа нийтэлсэн байна. Зураг дээр тэр хуруундаа сүйн бөгж зүүснээ харуулсан байв.

Пателыг 2025 онд Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж эхлэхээс өмнө тэд хоорондоо үерхэж эхэлсэн юм байна. Пателын тангараг өргөх ёслолд Уилкинс оролцож байжээ.

Кантри дуу дуулахын зэрэгцээ улс төрийн тоймчоор ажилладаг Уилкинс 2023 онд анхны цомгоо гаргаж байв.

Тэрбээр консерватив үзэл баримтлалтай улс төрийн хөдөлгөөн, бүлгүүдтэй хамтран ажилладаг юм байна.

Трампын засаг захиргааны хууль сахиулах гол байгууллагуудын нэгийг удирддаг Пател хувийн зорилгоор аялахдаа төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулдаг гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм.

Нэг жишээ нь тэр Пенсильвани мужийн Стэйт Коллеж хотод болсон мэргэжлийн бөхийн тэмцээнийг үзэхээр явахдаа Холбооны Мөрдөх Товчооны нисэх онгоцыг ашиглаж байжээ.

Уг тэмцээнд Уиллис төрийн дуулал дуулж байсан юм.

Дараа нь тэдний хамтдаа авхуулсан гэрэл зураг дээр Уилкинс гартаа тэмцээний аваргын алтан бүсийг барьсан байжээ.

Үүнээс гадна ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн зун Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан Вашингтонд зохион байгуулсан “Great American State Fair” үзэсгэлэн худалдааны арга хэмжээнд Уилкинс дуулснаар олны анхаарлын төвд орж байлаа.

Тус арга хэмжээг анх амлаж байсан шигээ улс төрийн суртал нэвтрүүлгээс ангид болохгүйг мэдсэн хөгжмийн олон уран бүтээлч оролцохоос татгалзаж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press