Японы Окинава арлын оршин суугч эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр АНУ-ын цэргийн алба хаагчийг баривчилжээ
Японы Окинава мужийн нэгэн зочид буудлаас эмэгтэй хүний цогцос олдсоны дараа АНУ-ын тэнгисийн явган цэргийн алба хаагчийг хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчилсан тухай орон нутгийн албаныхан Ням гарагт мэдээллээ.
Тус улсын ерөнхий сайд Санае Такаичи уг хэргийг "харгис хэрцгий" дээрэм болон хүн амины хэрэг гэж тодорхойлоод АНУ-ын талд цэргийн алба хаагчдынхаа сахилга батыг чангатгахыг уриалсан байна.
Японы NHK телевиз хохирогчийг 39 настай Яги Анна, харин сэжигтнийг АНУ-ын тэнгисийн явган цэргийн Фүтэнма баазад алба хааж буй 20 настай Дэвин Жэйкоб Баллард гэж мэдээлжээ.
Тэнгисийн явган цэргийн командлалын зүгээс сошиал сүлжээгээр дамжуулан хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхдээ "алба хаагчийн холбогдсон ноцтой гэмт хэргийн асуудлаар бид Японы эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна" гэж мэдэгдсэн байна.
Японы батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүмигийн мэдээлснээр хохирогч эмэгтэйн цогцос Бямба гарагийн өглөө эрт Окинава мужийн төв Наха хотын нэгэн зочид буудлаас олдсон гэнэ.
Коизүми "Ийм хэргийг огтхон ч уучлах аргагүй бөгөөд миний сэтгэлийг ихэд бухимдуулж байна" гэж сошиал хуудсандаа бичээд "АНУ-ын цэргийн алба хаагчдын холбогдсон хэрэг явдал, осол эндэгдэл нь орон нутгийн иргэдийн дунд ихээхэн айдас түгшүүр төрүүлдэг тул ийм зүйл хэзээ ч гарах ёсгүй" гэж нэмж мэдэгджээ.
Токио дахь АНУ-ын элчин сайдын яам Японы засгийн газар болон орон нутгийн цагдаагийн байгууллагатай бүрэн хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Японы гадаад хэргийн яам Ням гарагт уг хэргийн талаар хэлэлцэхээр АНУ-ын элчин сайд Жорж Глассыг дуудан уулзжээ.
Окинавад АНУ-ын цэргийн хэд хэдэн бааз байрладаг бөгөөд тэнд олон арван мянган америк цэрэг байрладаг.
Окинава мужийн захирагч Гента Кожа тус муж АНУ-аас ийм төрлийн хэрэг явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг удаа дараа шаардаж ирсэн бөгөөд энэхүү хэргийг сахилга бат сул байгаагийн шинж тэмдэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
"Ийм хэрэг явдал дахин гарсан нь АНУ-ын цэргийнхний сахилга батыг сахиулах, алба хаагчдаа сургах болон бусад холбогдох арга хэмжээнүүд огт үр дүнгүй байгааг харуулж байна" гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
