“Татвар нэмэхээс өмнө тамхины хууль бус зах зээлийн эрсдэлийг тооцох хэрэгтэй”

ikon.mn
Өчигдөр 10 цаг 59 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Татвар өөрөө шийдэл биш, зөв бодлого чухал

Тамхины онцгой албан татварыг огцом нэмэгдүүлж, үнийг эрс өсгөх бодлого нь хэрэглээг бууруулах зорилготой хэдий ч үүний зэрэгцээ хууль бус, татваргүй тамхины зах зээл тэлэх эрсдэлийг бодитоор тооцох шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Тамхины татварыг нэмэгдүүлэхийг бүхэлд нь эсэргүүцэхгүй. Харин судалгаа, тооцоонд үндэслэн зохистой түвшнийг тогтоох хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Түүний үзэж байгаагаар нэг хайрцаг тамхины үнэ огцом өсөж, жишээлбэл 30 мянган төгрөгт хүрвэл хэрэглэгчдийн худалдан авах чадварт шууд нөлөөлнө. Өндөр үнэтэй хууль ёсны бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болсон хэсэг нь хямд хувилбар хайж эхэлнэ. Энэ эрэлт хууль бус сувгаар орж ирсэн, татвар төлөөгүй тамхины зах зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлж болзошгүй.

“Тамхины үнэ огцом нэмэгдэхэд бүх хүн шууд тамхинаас гарна гэж үзэх нь асуудлыг хэтэрхий энгийнээр харсан хэрэг. Нэг хэсэг нь хэрэглээгээ бууруулж болох ч нөгөө хэсэг нь хямд бүтээгдэхүүн хайж, хууль бус сувгаар худалдан авах эрсдэлтэй” гэж тэр хэлэв.

Мөн амт, үнэр оруулагч болон капсултай тамхийг бүрэн хориглохтой холбоотой эрсдэлийг ч урьдчилан тооцох шаардлагатай. Хууль ёсны зах зээлээс эдгээр бүтээгдэхүүн алга болсон ч хэрэглэгчдийн эрэлт бүрэн арилахгүй бол хууль бус бүтээгдэхүүнээр нөхөгдөх магадлалтай.

Монгол Улс хил, гаалийн хяналтын боломжоо мөн бодитоор тооцох ёстой. Өнөөдөр ч хууль бус, хуурамч бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч байгаа нөхцөлд татварын зөрүү хэт их нэмэгдвэл хууль бус тамхины урсгал нэмэгдэх эрсдэлтэй.

Иймээс бодлогын үр дүнг зөвхөн “тамхины хэрэглээ буурна” гэж хэмжих нь хангалтгүй. Төсвийн орлого, хэрэглэгчийн худалдан авах чадвар, бизнесийн нөхцөл, хил гаалийн хяналтын чадавх болон хууль бус зах зээлийн эрсдэлийг хамтад нь тооцох шаардлагатай.

“Татвар өөрөө шийдэл биш. Судалгаа, тооцоонд үндэслэсэн зөв, зохистой төрийн бодлого л бодит шийдэл болно” гэж УИХ-ын гишүүн Мөнхтуяа онцоллоо.

 

Сурвалжлагч: Э.Чинзориг