"БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна"

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 12 цаг 06 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Годрон өвчний улмаас одоогийн байдлаар 5,000 гаруй ямааг устгаад байгаа ба уг өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө.


Тодруулбал ХХААХҮ-ийн сайдын мэдээлснээр  "Саятан сүрэг" гэх дэлгүүрээр дамжин БНХАУ-ын "арвас" үүлдрийн ухныг малчдад зарсан байна. Гэтэл Монгол Улсад гаднаас эцэг мал оруулж ирсэн тухай мэдээлэл дотор "арвас" үүлдрийн малын мэдээлэл байхгүй байжээ. Иймд хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа ба тус асуудлыг Тагнуулын ерөнхий газраар шалгуулахаар болсон байна. 

Түүнчлэн хилээр орж ирсэн тус үүлдрийн эцэг малд Мал эмнэлгийн хяналт ороогүй байсан байна. Мөн тус ямаануудыг зарсан гэх "Саятан сүрэг" дэлгүүр хаашаа хэдэн ухна зарсан тухай мэдээллээ бүрэн хэлэхгүй байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов. 

Иймд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанд албан бичиг хүргүүлээд байгаа ба шалгуулахаар болсон байна. 

Манай улс 1950-2000 он хүртэл годрон өвчний вакцин үйлдвэрлэж байсан ч 50 гаруй жилийн хугацаанд тус өвчин гараагүй учир үйлдвэрлэлээ зогсоосон байна. Гаднаас вакцин авчрах боломж байхгүй буюу гаднаас авчирсан нь энд таарахгүй зэрэг олон асуудал үүсэх аж. Иймд годрон туссан ямаанаас дээжийг нь авчран вакцин үйлдвэрлэх явц эхлээд явж байгаа юм байна. Сар гаруй хугацаа орно гэв. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Хотоо харлуулаад, эрдэнэт мал сүргээ устгах хашаа руу туугаад оруулж байгаа малчин хүний сэтгэлзүйг маш сайн ойлгож байна. Иймд нэгдүгээрт малчдаа бодно. Монгол Улсад гарч байгаа малын гоц халдварт өвчин яг хаанаас гарсан нь мэдэгддэггүй. Зэрлэг амьтнаар дамжин орж ирлээ л гэдэг. Энэ удаагийн өвчин бол хууль бус үйлдлээс болсон байна гэдэг нь эхний байдлаар тогтоогдож байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав