НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг сонгов
Лхагва гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг ерөнхий ассамблейн санал хураалтаар сонгожээ.
Аюулгүй байдлын зөвлөл нь нийт 15 суудалтай бөгөөд эдгээрийн тавыг нь АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц улсууд байнга эзэмшдэг.
Харин үлдсэн 10 суудлын эзэн улсыг жил бүр тав таваар нь ерөнхий ассамблейн нууц санал хураалтаар хоёр жилийн хугацаатай сонгодог юм. Ингэхдээ суудлуудыг дэлхийн бүс нутгуудад хуваарилдаг.
Өчигдөр Ази тивийн орнуудаас Киргизстан улс Филиппинтэй өрсөлдөөд 143-49 саналын харьцаагаар анх удаагаа аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
Харин Өрнөдийн орнуудад оногддог хоёр суудлыг Португал, Австри улсууд тус бүр 134 ба 131 саналаар авч, Европын эдийн засгийн гол хүч болдог Герман улсыг ялсан байна.
Өмнөх зургаан бүрэн эрхийн хугацаанд аюулгүй байдлын суудлыг эзэлж байсан Герман улс өчигдөр 104 санал авчээ.
Африк тивийн төлөөлөл Зимбабве, Карибын бүс нутгийн төлөөлөл Тринидад ба Тобаго улсууд өрсөлдөгчгүйгээр буюу тус бүр 180 гаруй саналаар сонгогдсон байна.
Шинэ гишүүн улсууд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Дани, Грек, Пакистан, Панам, Сомали улсуудын оронд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн суудлыг эзлэх болно.
Аюулгүй байдлын зөвлөл нь НҮБ-ын дүрмийн дагуу дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй боловч одоо үргэлжилж байгаа гурван том мөргөлдөөнийг зогсоож дийлэхгүй байгаа.
Тухайлбал Украины дайныг зогсооход Орос улс, Газын зурвас, Ираны дайныг зогсооход Израилийн холбоотон АНУ байнгын гишүүний давуу эрхээ ашиглан саад учруулж байна.
НҮБ байгуулагдсан 80 жилийн өмнөх буюу дэлхийн хоёрдугаар дайны дараах нөхцөл байдлаас өнөөгийн дэлхий дахины геополитикийн орчин нэлээд өөрчлөгдсөн тул аюулгүй байдлын зөвлөлийг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Тус байгууллагыг шинэчлэх оролдлого олон жилийн өмнөөс эхэлсэн нь одоо ч үргэлжилсээр байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
