Ормузын хоолойн тээвэрлэлт сэргэсний үр дүнд газрын тосны үнэ Ираны дайны өмнөх түвшиндээ хүрч буурлаа
Ормузын хоолойн тээвэрлэлт аажмаар сэргэж эхэлсний улмаас газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ ханш Ираны дайны өмнөх үеийн түвшиндээ хүрчээ.
Тухайлбал Брент ангиллын газрын тосны баррель тутмын үнэ өчигдөр $72.48-аас доош буурсан бөгөөд хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн армиуд Ираны нутагт байлдааны ажиллагаа эхлүүлэхийн өмнөхөн энэ үнэ $73.23 байсан юм.
Дайн эхэлсний дараахан Ираны тал дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хааснаар дэлхий даяар газрын тосны хямрал эхэлж байв.
АНУ, Ираны талууд зургаадугаар сарын 17-ны өдөр дайныг зогсоох асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээний 60 хоногийн хугацааг эхлүүлснээс хойш газрын тосны үнэ буурч эхэлжээ.
Хэдий тийм ч үнэ ханш буцаж өсөх эрсдэл өндөр хэвээр байгааг зарим хүмүүс анхааруулж байна.
“Зах зээлүүд тус бүс нутгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Тиймээс хурцадмал байдал дахин сэргэвэл газрын тосны үнэ огцом өсөх эрсдэл хэвээр байгаа” гэж Economist Intelligence Unit хүрээлэнгийн Ойрх Дорнод, Африкийн бүс нутаг хариуцсан захирал Пратибха Такер хэлжээ.
Санамж бичигт гарын үсэг зурснаас хойш Ормузын хоолойгоор нэвтрэх ачаа тээврийн хөлгийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг далайн тээврийн ажиглалтын Kpler компани мэдээлсэн байна.
Тухайлбал сүүлийн өдрүүдэд 284 хөлөг нэвтэрсэн нь томоохон ахиц дэвшил боловч дайны өмнө өдөрт дунджаар 138 хөлөг нэвтэрдэг байсантай харьцуулахад бага хэвээр байгаа юм.
АНУ-ын зах зээлд бензиний жижиглэн худалдааны дундаж үнэ дөрөвдүгээр сард галлон (3.8 литр) тутам нь $4 хүрсэн ч одоо $3.93 орчим болж буураад байна.
Гэхдээ энэ нь дайны өмнөх үеэс хамаагүй өндөр хэвээр байгаа гэсэн үг.
Лхагва гарагт ерөнхийлөгч Трамп газрын тосны үнэ буураад байхад бензиний үнийг буулгахгүй байгаа Shell, ExxonMobil зэрэг компаниудыг шалгахыг уриалсан юм.
“Газрын тосны үнэ огцом буурсан ч шатахуун түгээгүүрийн үнэ буухгүй байгааг бид харж байна” гэж тэр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Гэхдээ мэргэжлийн байгууллагууд бензин түлшний үнэ түүхий газрын тосны үнэтэй зэрэгцэн өөрчлөгдөх боломжгүйг тайлбарласан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
