Их Британийн дараагийн ерөнхий сайд болох гэж буй улс төрчийг АНУ-ын ерөнхийлөгч Трамп үл ойшоов
Их Британи улсын дараагийн ерөнхий сайд болох хүнээр Энди Бернхэм тодроод байгаа.
Гэвч Атлантын далайн хоёр эрэгт оршдог холбоотнуудын харилцаа шинэ ерөнхий сайдын засаглалын үед сайжрах төлөвгүй байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үг харуулжээ.
Лхагва гарагт сэтгүүлч нар түүнээс одоогийн ерөнхий сайд Кир Стармерын залгамжлагч, Манчестер хотын дарга асан Бернхэмийн талаар юу мэддэгийг нь асуусан байна.
“Би түүний талаар юу ч мэдэхгүй. Хотын дарга байсан гэсэн. Би түүнийг маш их либерал үзэлтэй л гэж сонссон. Тиймээс тэр Умард тэнгисийг нээхгүй байх магадлалтай” гэж НАТО-гийн тэргүүн Марк Рюттетэй уулзах үеэрээ Трамп хэлжээ.
Бернхэм өнгөрсөн хугацаанд Трампыг нэлээд шүүмжилж байсан бөгөөд зургаадугаар сард сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ын улс төрийг “туйлширсан, хортой” гэх зэргээр тодорхойлж байлаа.
2021 онд үймээн дэгдээгчид АНУ-ын Капитолын ордонд дайран орох үеэр тэр “Трампад хугацаа өгсөн Их Британийн аливаа улс төрчид одоо ичих хэрэгтэй” хэмээн сошиал хуудсандаа бичиж байжээ.
Саяхан огцрох шийдвэрээ зарласан Стармерыг залгамжлах цорын ганц өрсөлдөгч Бернхэм болох өндөр магадлалтай байна. Хэрвээ саад тохиолдохгүй бол тэр долдугаар сарын дундуур Их Британийн ерөнхий сайдаар томилогдох юм.
Трамп, Стармер нарын харилцаа ихэнхдээ эерэг байсан ч сүүлийн саруудад Ираны дайнтай холбоотой маргааны улмаас муудаад байгаа.
Трамп нь Ираны эсрэг дайнд АНУ-ыг дэмжиж оролцоогүй Стармерыг “сул дорой” хэмээн шоолж, Умард тэнгисээс илүү их газрын тос олборлохыг түүнээс удаа дараа шаардаж байв.
Гэвч ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих эрмэлзэлтэй Стармерын засгийн газар тэнгисийн ёроолоос газрын тос олборлох зөвшөөрлийг нэмж өгөхөөс татгалзсан юм.
Бернхэмийн хувьд Умард тэнгисийн газрын тос, байгалийн хийг ашиглах асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа.
“Би Стармертай санаа нийлдэггүй. Би түүнд эрчим хүч, цагаачлал, гэмт хэргийн асуудлаар олон удаа анхааруулж байсан. Би түүнд ерөнхий сайдын суудлаа алдаж болзошгүйг хэлж байсан нь одоо биелж байна” гэж Трамп хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
