Иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээллийн 41% нь унжсан кабель, ил задгай утас, гэрэлтүүлгийн шонгийн тагтай холбоотой байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаан өчигдөр болж, нийт 16 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн дагуу хэрэгжүүлж буй “Хотын аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян”-ы явцын талаар мэдээлэл сонсов. Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн хүрээнд зохион байгуулсан тус аяныг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, ашиглалт хамгаалалт, тохижилт, засвар үйлчилгээний чиглэлээр өрнүүлжээ.
Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр 42 бригад ажиллаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн хотын нийтийн аж ахуйн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэн ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, тохижилттой талбайн тоо нэмэгдэж байгаа хэдий ч эдгээрийн арчлалт хамгаалалт, санхүүжилтийн асуудал дагаад өсөж, зарим тохижилт, ногоон байгууламжийн ажлууд орхигдох хандлага байгааг албаныхан онцоллоо.
Иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 41 хувийг унжсан кабель, ил задгай утас, гэрэлтүүлгийн шонгийн тагтай холбоотой асуудал эзэлж байна. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн таг, явган замын эвдрэл, сул шороон хөрс, хайс хашлага, авто замын нөхөөс, арчлалтын асуудлаар гомдол ихээр ирдэг тул ашиглагч байгууллагууд болон дүүргүүд ажлаа уялдуулан, хариуцсан байгууламждаа үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Иймд ургамлын ургалтын хугацаа дуусахаас өмнө ургалтыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, ногоон байгууламжийн арчилгааны 22 төрлийн ажлыг бүрэн хэрэгжүүлэх, мөн дүүргүүдэд шилжүүлсэн ногоон байгууламжийн арчилгаа, агротехнологийн ажлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дүүргүүдийн менежерүүдэд үүрэг болголоо.
Мөн дүүргүүдийн дэргэдэх Хяналт, удирдлагын төвийн дэд бүтцийг ашиглан хотын аж ахуйн өдөр тутмын арчлалт, засвар үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, ТҮК-үүдийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын асуудал, ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг шуурхай илрүүлэн зохицуулалт хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн хотын өнгө төрхийг сайжруулах, залуучууд болон иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, талбайг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг санууллаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

