Европын Холбооны түүхэнд анх удаа Шведийн сайд нялх хүүхэдтэйгээ хуралд суужээ
Пүрэв гарагт Европын Холбооны гишүүн орнуудын сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын асуудлаар хуралдахад Шведийн төлөөлөгч гурван сартай нялх хүүхэдтэйгээ оролцсон нь тус байгууллагын түүхэнд анхны ийм тохиолдол болжээ.
Люксембург хот улсад болсон Европын Холбооны зөвлөлийн хуралдаанд Шведийн уур амьсгалын сайд Ромина Пурмохтари хүү Адамаа авчирсан нь хүүхэд төрүүлсэн эхчүүдэд чөлөө олгохдоо албаны болон ар гэрийн ажил үүргийг албадан сонгуулахгүй байх бодлого амжилттай хэрэгжиж байгааг харуулсан хэрэг байв.
“Би ийм сонголтыг албадан тулгах шаардлагагүй болсныг харуулахыг хүслээ. Мэдээж ингэхийн тулд нэлээд орчин үеийн сэтгэлгээтэй хамтрагчтай байх хэрэгтэй” гэж Пурмохтари хэлжээ.
Одоо 30 настай тэрбээр 2022 онд одоогийн албан тушаалд томилогдохдоо Шведийн түүхэнд төрсөн хамгийн залуу засгийн газрын сайд болж байв.
Пурмохтари саяхан хүүхэд төрүүлээд ажилдаа буцаж орсон бөгөөд есдүгээр сар хүртэл чөлөөтэй байгаа нөхөр нь хамт Люксембургт иржээ.
Швед нь хүүхэд төрүүлсэн эцэг эхчүүдэд хамгийн өгөөмөр ханддаг хуультай дэлхийн улс орнуудын нэг юм.
Тус улсад шинэ эцэг эхчүүдэд нийт 16 сарын хугацаатай чөлөө олгодог. Үүнээс 90 хоногийг эцэг эх тус бүрд хоорондоо харилцан шилжүүлэх боломжгүйгээр олгодог юм.
Хэрвээ хуваарьт амралтаа аль нэг нь заасан хугацаанд аваагүй бол хүчингүй болдог байна.
“Аавын сар” гэж нэрлэдэг энэ хугацаа шинээр төрсөн хүүхдийг аавтай нь хамт байлгах боломж олгодог ажээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
