Э.Бат-Амгалан: Ипотекийн зээл 4-6 жилийн хүлээлт үүсгэж, иргэд арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч байна

П.Сайнжаргал, IKON.MN
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төсөл байгааг сайд Э.Бат-Амгалан танилцууллаа. 

Тодруулбал 

  • Орон сууцжуулалтын тухай,
  • Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. 

Энэ талаар "Энгийнээр тодорхойлбол дээр дурдсан хоёр хууль нь арга билиг гэдэг шиг нэг нэгнээ дэмжсэн хууль юм.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хууль бол эрэлт буюу эх үүсвэр, санхүүжилт талыг дэмжих юм. Нөгөө талаас орон сууцжуулалтын хууль нь нийлүүлэлтийг дэмжсэн. Энэ хоёр хуулийг УИХ-д өргөн барихаар бэлэн болоод ажиллаж байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар ажиллаад бүтэн жилийн хугацаа өнгөрсөн. Бидний өргөн барьж буй хууль бол Монгол Улсын нийт хүн амын хамгийн ихээр ярьж буй гол асуудлыг цогцоор нь шийдэх хууль. 

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулагдсанаар бусад банктайгаа өрсөлдөх үү гэдэг асуулт гарах байх. Энэ бол тусгай зориулалтын төрөлжсөн банк учраас арилжааны банктай өрсөлдөхгүй. Харин төрөөс зорилтот бүлгийн иргэд, залуу гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой" гэлээ. 

Мөн "2013 оноос хойш хэрэгжсэн ипотекийн зээлийн судалгааг эргэж харах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд 11 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 140 мянга гаруй өрхөд олгосон байна. Гэвч эрэлт талдаа буюу орон сууцанд орох хүсэлтэй 47 мянган өрх байна. Өөрөөр хэлбэл 6.6 орчим их наяд төгрөгийн хүлээлттэй байгаа юм.

Өнөөдөр жилдээ 9-10 мянган өрхөд ипотекийн зээл олгож байна гэж тооцвол хүлээлт даруй 4-6 жилийн хугацаанд зээлд хамрагдах боломж бололцоотой. Ипотекийн зээл авч амжихгүй тохиолдол өндөр хүүтэй арилжааны банкны ердийн зээл авсан ийм судалгаа харагдаж байгаа.

Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд ипотекийн зээлд хүсэлт өгсөн ч 70 хувь нь ипотекийн зээлийн дарааллаа хүлээж чадахгүйн улмаас өндөр хүүтэй буюу 18-24 хувийн хүүтэй арилжааны банкнаас зээл авч байрандаа оржээ. 

Мөн дараагийн гол асуудал 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нийлүүлэлт талыг нь орхигдуулжээ. Тийм учраас Орон сууцжуулалтын тухай хуулиар үндэсний орон сууцны корпорацыг

  • Төрийн орон сууцны корпорац,
  • Нийслэлийн орон сууцны корпорац байсныг татан буулгаж, өөрчилж чиг үүргийн давхардлыг нь арилгаснаар нэг ойлголттой, нэг мөр шийдсэн. Нийлүүлэлтэд анхаарсан хуулийн төслийг өргөн барихаар болж байна.

Нийлүүлэлтэд анхаарахдаа:

Газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлуудад төр тодорхой хэмжээнд орж дэмжлэг үзүүлж ажиллах ёстой.

Бидний гаргасан судалгаагаар орон сууцны метр квадратын үнэ 2030 он гэхэд дунджаар 10-11 сая төгрөг болох нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас энэ хоёр хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болсныг дуулгая" хэмээн  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд хэллээ. 

ВИДЕО: