Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр (2026.06.03) болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн байна.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшжээ.
Санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон талаар Улсын дээд шүүхээс мэдээллээ.
ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТЫН НАМТАР:
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
- 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.
- 2020 оноос Дюкийн Их Сургуулийн Хуулийн Сургуульд Шүүх судлалын мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа аж.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш,
- 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш,
- 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
- 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
