Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хоригложээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийг П.Батчимэг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг "Бидэнд гурван сонголт л байгаа. Юу гэхээр, нэгдүгээрт явган хүний замаар явдгаараа буюу яг одоогийн байгаагаар явуулбал явган хүний зам дээр гардаг гэмтэл хэвээр үлдэнэ.
Хоёрдугаарт, тэр чигээр нь хориглох буюу Улаанбаатар хот дугуйн замтай болох хүртэл скүүтер явуулахыг хориглох. Гурав дахь хувилбар буюу өнөөдрийн хэлэлцэж байгаа хуульд тусгасан нөхцөл юу вэ гэхээр, дугуйн замтай хэсгээр скүүтер яв, байхгүй хэсэгт нь явган хүний замаар түрээд яв эсвэл авто замын баруун хөвөөгөөр унаад яв гэж байгаа юм.
Бид энэ хуулийн төслийг батлахгүй бол өнөөдрийн нөхцөл байдал яг л хэвээр үлдэнэ. Явган хүний зам дээр осол гэмтэл гарсаар, бага насны хүүхэд явган хүний замаар явж чадахгүй нөхцөл байдал хэвээрээ л байна.
Уг хуулийн төсөлд анх өргөн баригдсанаас нь гурван том өөрчлөлт оруулсан. Цахилгаан скүүтэрийн түрээс эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж хуулийн дагуу зөвшөөрөл авч, бүх скүүтэрийг бүртгэлжүүлнэ.
Хоёрдугаарт, цахилгаан скүүтэрээр явган хүний замаар бага хурдтай явна гэдэг заалтыг явган хүний замаар огт явж болохгүй гэж өөрчилсөн. Яагаад гэвэл бага хурдыг хянах техникийн боломжгүй байгаа.
Гуравдугаарт, насны хязгаарыг 18 болгосон. 16-18 насны хүнийг авто замаар явуулах аюулгүй байдал хангагдаагүй гэж үзсэн учраас 18 наснаас дээш иргэн цахилгаан скүүтер, мопед унаж замын хөдөлгөөнд оролцоно гэж өөрчилсөн.
Мөн Зөрчлийн хуулиар зохицуулж байсан торгуулийн хэмжээнүүдийг өөрчилсөн" гэлээ.
Ийнхүү ажлын хэсгийнхэн гишүүдийн асуултад хариулт өгснөөр хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад бэлэн болов. Санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар буюу 14:00 цагт явуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
