Дэлхийн супер баячууд хөрөнгөө хүүхдүүд, ач зээ нар, хань ижилдээ өвлүүлэх явдал улам бүр нэмэгдэж байгааг Швейцарын UBS банк мэдээлжээ.
Тус банкны тооцоолсноор 2024 онд дэлхий даяар 2,682 тэрбумтан байсан бол энэ онд 2,919 болж нэмэгдсэн байна.
Эдгээрээс сүүлийн 12 сарын хугацаанд 91 хүн өв залгамжлалаар тэрбумтан болж, нийлбэр дүнгээр $298 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгийг өвлөн авчээ.
Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 30 гаруй хувиар өссөн, UBS банкны судалгаа эхэлсэн 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна.
Тухайлбал өнгөрсөн наймдугаар сард 98 насандаа Сингапурт таалал төгссөн будгийн бизнесийн магнат Го Чэн Лян зургаан ач зээдээ тус бүр $1 тэрбум гаруйн хөрөнгөтэй тэнцэх үнэт цаас өвлүүлж, нэг дор хамгийн олон тэрбумтан төрүүлжээ.
Өв залгамжлагчдаас гадна энэ онд 196 хүн “өөрийн хүчээр” тэрбумтан болсныг UBS банкны тайланд дурдсан байна.
Тэдгээрийн нийлбэр хөрөнгийн хэмжээ $386.5 тэрбумд хүрчээ.
Цаашдаа өв залгамжлуулах явдал улам эрчимжиж, ирэх 15 жилийн хугацаанд хамгийн багадаа нийт $5.9 их наядын хөрөнгө өвлөгдөх тооцоотой байгааг UBS банкны гүйцэтгэх захирал Бенжамин Кавалли мэдээлсэн байна.
Энэ өв залгамжлалын ихэнх хэсэг АНУ-д, дараа нь Энэтхэг, Франц, Герман, Швейцар улсуудад ногдох төлөвтэй байгаа ажээ.
Гэсэн хэдий ч геополитикийн нөхцөл байдал, татварын бодлого зэргийн улмаас дээрх дүн өөрчлөгдөж болзошгүй гэнэ.
Тухайлбал Европын хэд хэдэн улс оронд чинээлэг хүмүүсээс авах татварын хэмжээг өсгөх талаар яригдаж байгаа.
Зөвхөн Швейцар улсын хувьд ирэх 15 жилийн хугацаанд $206 тэрбумын хөрөнгө өвлөгдөх төлөвтэй байна. Гэхдээ Ням гарагт тус улсад явуулсан бүх нийтийн санал асуулгаар 47 тэрбум фунт стерлингээс дээш өвлөгдсөн хөрөнгөөс 50 хувийн татвар авах санал дэмжлэг авалгүй унасан юм.
Өнгөрсөн онд болсон Их 20-ын чуулганы үеэр Испани, Бразил, Герман, Өмнөд Африк улсууд баялгийн хүртээмжийг тэгшитгэх зорилгын хүрээнд супер чинээлэг иргэдийн хөрөнгөөс авах татварын доод хэмжээг 2 хувиар тогтоох санал гаргаж байв.
Францын эдийн засагч Габриэл Зукман үүний үр дүнд засгийн газрууд $250 тэрбум хүртэл нэмэлт орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.
Дээрх дөрвөн улс дэлхийн бусад улс орнуудад санаачилгыг нь дэмжихийг уриалаад байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!