Уншиж байна ...

Галт уулын дэлбэрэлт Европ тивд “Хар үхэл” гэгддэг тахал дэгдэх шалтгаан болсон гэж дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

1345 оны орчимд галт уул дэлбэрсэн нь Европын хамгийн том тахал болох “Хар үхэл”-ийн дэгдэх шалтгаан болсон байж болзошгүй гэсэн дүгнэлтийг хэсэг эрдэмтэд гаргажээ.

Модны цагаригт үлдсэн ул мөр нь дээрх дэлбэрэлтийн дараа уур амьсгалд цочмог өөрчлөлт үүссэнтэй холбоотой дараалсан үйл явдлууд болсныг харуулж байгаа гэнэ.

Тухайлбал дэлбэрэлтээс үүссэн үнс, утаа агаарын температурыг огцом унагаснаас ургацын гарц муудсан байна.

Өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэхийн тулд Италийн хүн ам ихтэй хот улсууд Хар тэнгисийг тойрон хүрээлсэн бүс нутгаас үр тариа импортлоход хүрчээ.

Энэ үр тариагаар дамжиж ирсэн бүүрэг тахлын эх үүсвэр болсон гэж үзсэн байна.

“Хар Үхэлд нөлөөлсөн хүчин зүйлсийн давхцал ховор тохиолдол мэт санагдаж байгаа ч өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлтийн үед ийм замаар дэлхий дахинд цар тахал дэгдэх эрсдэлтэйг харуулж байна. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотой сүүлийн туршлагыг харгалзан үзвэл бидэнд онцгой ач холбогдолтой юм” гэж Кэмбрижийн Их сургуулийн доктор Ульф Бюнтген хэлжээ.

Европын тахал нь “Yersinia pestis” гэгддэг харх, бүүрэг зэрэг амьтдаар дамжин тархдаг бактериас үүдэлтэй байжээ.

1348-1349 онуудад дэгдсэн энэ тахлын үеэр тухайн үеийн Европын хүн амын тал нь үхэж байсан юм. Уг тахлын дамжуулагчийг Төв Азиас худалдааны замаар Европт ирсэн гэж үздэг.

Кэмбрижийн Их сургууль, Лейпциг дэх Зүүн Европын Түүх, Соёлын Хүрээлэнгийн судлаачид уг тахлын үеийн уур амьсгалын нөхцөл байдлыг судлахын тулд модны цагариг, мөсөн голд хадгалагдаж үлдсэн ул мөрийг шинжилжээ.

Ингээд 1345 оны орчимд болсон галт уулын идэвхжил нь үнс, утаагаараа нарны гэрлийг хаасны улмаас хэдэн жил дараалан цаг агаар сэрүүссэнийг тогтоосон байна.

Үүний улмаас Газар дундын тэнгисийн бүс нутагт ургац тасалдаж, өлсгөлөнгийн аюул нүүрлэсэн тул Италийн хүчирхэг хот улсууд Хар тэнгисийн ойр орчмын нутгаас үр тариа их хэмжээгээр авсан нь үхлийн аюултай бактери Европ даяар тархах суурь нөхцөл болжээ.

Энэхүү судалгааны тайлан “Communications Earth & Environment” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC