АНУ-ын хуурай замын цэргийг Иранд илгээх боломжийг Трамп үгүйсгэсэнгүй
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цэргийн хүчийг Ираны нутаг дэвсгэрт илгээх боломжийг үгүйсгээгүй байна.
79 настай Трамп өмнө нь Ойрх Дорнодын асуудалд АНУ-ын зэвсэгт хүчний оролцоог үргэлж шүүмжилдэг байсан ч өнгөрсөн Бямба гарагаас эхлэн Ираны эсрэг томоохон байлдааны ажиллагаа явуулж эхлээд байгаа.
Одоогоор уг ажиллагаа зөвхөн агаарын цохилт дээр түшиглэн явагдаж байгаа юм. Хэрвээ хуурай замын цэрэг оролцож эхэлбэл хохирлын хэмжээ эрс өсөх эрсдэлтэй.
“Газар дээр хөл тавих хувилбарыг би үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч бүр ийм зүйл болохгүй гэж амладаг. Харин би ингэдэггүй. Би ‘ингэх шаардлага гарахгүй байх’, эсвэл ‘хэрвээ шаардлагатай бол’ гэх мэтээр хэлдэг” гэж Нью Йорк Пост сонинд өгсөн богино ярилцлагадаа тэр өгүүлжээ.
Үүнээс гадна Трамп байлдааны ажиллагаа нь цаашид улам ширүүсэхийг анхааруулсан байна.
“Бид тэдэнд хүчтэй цохилтоо үзүүлж эхлээгүй байна. Том давлагаа огт болоогүй байна. Удахгүй эхлэх болно” гэж тэр хэлжээ.
Одоогоор АНУ-ын дөрвөн цэргийн алба хаагч Ираны хариу цохилтын үеэр амиа алдсан гэсэн тоо ирж байна.
Ираны зэвсэгт хүчин Израил улс болон АНУ-ын цэргийн баазууд руу довтолсоор байгаа. Үүнээс гадна Бахрейн, Йордан, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг бүс нутгийн Арабын орнууд руу довтолж байна.
Хөрш орнууд руугаа довтолж буй энэ үйлдлийг Трамп “хамгийн том сюрприз” гэж тодорхойлжээ.
Сүүлд Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ Трамп “Бид төлөвлөсөн хугацаанаасаа хамаагүй түрүүлж яваа. Эхнээсээ бид үүнийг дөрвөөс таван долоо хоног үргэлжлэхээр төлөвлөж байсан ч үүнээс ч илүү удаан явуулах чадвартай. Бид үүнийг хийх болно” гэж мэдэгдсэн юм.
Энэ үеэр тэр Иранд халдах болсон шалтгаанаа цөмийн зэвсгийн аюултай холбон тайлбарласан байна.
“Энэ бол эрүүл бус, хорон муу санаатай дэглэмийн тэвчихийн аргагүй аюул заналыг устгах хамгийн сүүлийн, хамгийн сайхан боломж байсан” гэж Трамп хэлжээ.
Даваа гарагт Пентагоны тэргүүн Пит Хэгсэт бас АНУ-ын цэргийг Иранд илгээх боломжийг үгүйсгээгүй байна.
Ираны нутагт АНУ-ын цэрэг хөл тавьсан эсэхийг хэвлэлийн хурлын үеэр асуухад тэр “Үгүй. Гэхдээ бид юу хийж болох, болохгүй гэсэн зарчимд баригдахгүй. Шаардлагатай бол хийх болно” гэж хэлжээ.
Ажиллагааны хугацааны талаар асуухад Хэгсэт “Дөрвөн долоо хоног, хоёр долоо хоног, зургаан долоо хоног, эсвэл бүр урт болж ч магадгүй. Эсвэл үүнээс богино ч болж магадгүй” гэж хариулсан байна.
Ирак, Афганистаны дайнуудаас ялгаатай нь энэ дайн Иранд ардчилал тогтоох зорилгогүйг тэр бас тайлбарлажээ.
“Улс үндэстнийг байгуулах, ардчиллыг бий болгох зэрэг тэнэг зорилго байхгүй. Улс төрийн зорилготой дайн биш. Бид зөвхөн ялахын төлөө тулалдаж, цаг хугацаа, амь насаа дэмий зүйлд үрэхгүй” гэж Хэгсэт хэлсэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
