Хуурамч ажлын зараар Оросын армид элссэн 15 иргэн нь амь үрэгдсэнийг Зимбабве улсын эрх баригчид мэдээллээ
Украины эсрэг Оросын явуулж буй дайнд 15 иргэн нь амь үрэгдэж, 60 гаруй хүн фронтын шугамд гацаад буйг Зимбабве улсын эрх баригчид Пүрэв гарагт мэдээлжээ.
Тэднийг хууль бус зуучлагчдын сошиал сүлжээний платформуудыг ашиглан явуулж буй хуурамч ажлын зарын “урхинд орсон хүмүүс” гэж тус улсын мэдээллийн сайд Жему Сода тодорхойлсон байна.
“Энэ бол зимбабвечуудын амийг золиосолсон залилан мэхлэлт, мөлжлөг, хүний наймааны нарийн сүлжээ юм” гэж тэр хэлжээ.
Зимбабве улсын засгийн газар амиа алдсан иргэдийнхээ цогцсыг авах, амьд байгаа хүмүүсийг аюулгүй буцаахын тулд Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ явуулж эхэлсэн байна.
Тус улс Оросын армид иргэд нь тулалдаж байгааг хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол энэ болжээ.
Гадаадад өндөр цалинтай ажилд зуучлах заруудад болгоомжтой хандаж, албан ёсны сувгаар дамжуулан баталгаажуулж байхыг Сода иргэддээ зөвлөсөн байна.
Зимбабвегаас өмнө Кени, Гана, Өмнөд Африк зэрэг Африк тивийн орнууд иргэд нь хууль бус замаар Оросын армид элссэн тухай албан ёсоор мэдэгдэж байсан юм.
Кени улсын хувьд 252 иргэн нь ийм замаар Украины дайны фронтод очсон гэж тооцоолж байгаа ба өнгөрсөн долоо хоногт гадаад хэргийн сайд Мусалия Мудавади энэ асуудлыг хэлэлцэхээр Москвад айлчилсан байна.
Тэрбээр Кенийн иргэдийг цаашид Оросын армид элсүүлэхгүй байх тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Гана улсын засгийн газар 272 иргэн нь Украины фронтод очсоноос 55 нь алагдсан гэх тоо баримтыг танилцуулж байв.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хуурамч ажлын зараар Оросын армид элссэн 17 иргэнээ буцааж татахаар болсныг бас өнгөрсөн сард зарласан юм.
Украины тагнуулын алба Африк тивийн 36 улсын 1,700 гаруй иргэн Оросын талд тулалдахаар очсон гэж тооцоолсноо өмнө нь мэдээлж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
