Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэвээндашид хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш өнгөрсөн сараас Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар гүйлтээ эхлүүлсэн билээ.
Тэрбээр 34 өдрийн бүтэн марафоноор нийт 1,418 км замыг туулж БНХАУ-ын Тяньжин хотод гүйлтээ өндөрлүүлсэн юм.
Түүний сайн үйлсийн аянд зориулсан "Ice Marathon 2026" гүйлтийг баталгаажуулж Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбооны удирдлагууд өнөөдөр хүлээн авч, тусгай цомыг гардуулав.
Энэ үеэр тус холбооны Гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр "Өмнө нь олон өдрийн гүйлтийн түүхэнд 1959 онд анх БНАСАУ, БНХАУ болон Монгол гурван улсын хамтарсан багаас залуучуудын улс хоорондын эв найрамдлын төлөө гүйж байсан.
Мөн тэгш ойн баяраар олон өдрийн гүйлтийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Өнгөрсөн жил манай Зэвсэгт хүчний дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсынхаа газар нутгийг нэмэх тэмдэгтэйгээр дөрвөн соёмбо баганаа тойрч гүйсэн удаатай.
Тэгвэл энэ жилийн гол онцлог нь Б.Цэвээндаш гавьяат маань ганцаарчилсан гүйлтийг амжилттай зохион байгууллаа. Энэ батламжийн гол онцлог нь өвлийн улиралд гүйсэн анхных нь юм. Мөн холбооны нэрэмжит хүрэл цомоор мялаав" гэлээ.
Шагналаа авсныхаа дараа Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэвээндаш "Би 2023 оноос хойш энэ гүйлтийг хийхээр төлөвлөсөн. Энэ хугацаанд хоёр ч удаа хэт холын гүйлт зохион байгуулсан юм. Би өмнө нь архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэдэг муу зуршилтай байсан ч гүйлтийн ачаар энэ бүх хорыг ардаа орхисон хүн. Тиймээс залуучуудыг ч бас миний адил эрүүл, чанартай амьдраасай, гүйгээсээ гэсэн сайн санааны зорилгоор гүйсэн юм. Ээждээ, гэр бүлдээ амласан амлалтаа биелүүлж, эрүүл амьдралын зам мөрийг сонгосондоо маш их аз жаргалтай байна" гэв.
Б.Цэвээндаш нь гүйлтээс гадна уулын спортод мөрөө гаргасан тамирчин хүн. Дэлхийн оргил Эверистийг хоёр замаар эзэлсэн Монголын цөөхөн уулчдын нэг. Тиймээс түүнд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын Уулчдын Үндэсний Холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамаа оролцсон юм. Саяхан тус холбооны бүх гишүүдийн хурал зохион байгуулагдахад Б.Цэвээндаш хяналтын зөвлөлийн гишүүнээр томилогдсоныг онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
