С.Мөнхсүх: $2.4 тэрбумын өрийг тэглэсэн дүн тэгээрээ л байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюу толгой" компани улирлын тайлангаа танилцуулах уулзалтыг өчигдөр зохион байгуулсан юм. 

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх дараах хариултыг өгөв. 



Сэтгүүлч: Далд уурхайн бүтээн байгуулалтын 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн, тэглээгүй эсвэл зүгээр бичилт хийсэн гэдэг асуудал яригддаг. Энэ талаар тайлбар өгнө үү? 

Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар 34 хувь, хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшихээр тусгасан байдаг.

Хөрөнгө оруулагч "Туркойс Хилл Ресурсес" компани өрийг 2022 онд тэглэсэн гэж ойлгож байгаа.

Тэглэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, зээл өгсөн тал нь ийм зээл байгаа. Өнөөдрийн баланс нь 2.4 тэрбум ам.доллар байна. Энэ мөнгийг цаашид Монгол Улсын Засгийн газраас авах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад тамгалаад албажуулсан гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл авлагатай байсан хүн нь “мөнгөө авахгүй” гэж амлалтаа өгөөд гэрээгээ зурсан. Тэгэхээр үүнийг тэглэсэн гэж харж байна. Үүнийг хүмүүс зөв, буруугаар ойлгоод 15 банкны гаднын тэс ондоо зээлтэй хольж хутгах хандлага харагддаг. Энэ бол цэвэр хөрөнгө оруулагч нарын нэгэндээ өгч байсан зээл бөгөөд тэглэсэн. 

Оюу толгойн компанийн санхүүгийн баланс дээр хэнд хэдэн төгрөгийн өртэй бүгдийг нь хөтөлдөг. Тэр дүн дээр тэгээрээ л байж байгаа. 

"Эрдэнэс Оюутолгой"-д ногдох $2.4 тэрбумын өрийг 100% тэглэсэн батламжийг гардуулж өгсөн талаарх мэдээг ЭНД дарж уншина уу.