"Зодуулж шийтгүүлдэг хүүхэд өрөвдөн хайрлах сэтгэлгүй болж, аливаа зүйлийг хүч хэрэглэж шийдэх нь хэвийн гэж үзэх хандлагатай болдог"
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” тохиож байна. Манай улс нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс юм.
Боловсролын болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Save the children олон улсын байгууллагаас хүүхдийг зодож шийтгэх бус эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж дараах зөвлөмжүүдийг гаргасан байна.
Зодуулж шийтгүүлдэг хүүхэд ямар болдог вэ?
- Охид: Сэтгэл гутралд амархан ордог.
- Хөвгүүд: Эвдэн сүйтгэх, хулгай хийх зэрэг сөрөг авир гаргана.
- Зодож шийтгэснээр хүүхдийн дархлаа муудаж, өвчинд өртөмтгий болдог.
- Багадаа цохиулж байсан хүн хавдар, зүрх, амьсгалын гаралтай өвчнөөр эрт нас бардаг.
- Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин суларч, суралцах чадварт нь нөлөөлдөг.
- Хүүхдийг зодож шийтгэснээр эцэг эх, хүүхэд хоорондын итгэлцэл буурч, хүүхэд эцэг эх, томчуудын эсрэг дайсагнах үзэлтэй болдог.
- Зодуулж шийтгүүлдэг хүүхэд бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлгүй болж, аливаа зүйлийг хүч хэрэглэж шийдэх нь хэвийн гэж үзэх хандлагатай болдог байна.
Зодож шийтгэхгүйгээр хэрхэн хүүхдээ хүмүүжүүлэх вэ?
- Хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байгаагаа тунгаан бодож, өдөр тутамд тулгарах асуудлыг уурлаж бухимдалгүйгээр шийдэн хүүхэдтэйгээ найрсаг сайхан харилцаарай.
- Амьдралд тааралдах шинэ зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулж, хүүхэд амжилт гаргахад дэмжиж, санал бодлыг нь сонсоорой.
- Хүүхэд бүр өөр, хүүхэд бүр ялгаатай учир өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Иймд үүнийг нь ойлгож мэдэх хэрэгтэй.
- Хүүхэд өөрийнхөө чадварт итгэж сурснаар хожмын өдөр тохиож болох хүнд байдлаас амархан гарч чадна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
