Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна
Үе үеийн монголчуудын бүтээсэн оюуны баялгийг дижитал хэлбэрээр амьдруулж, илүү өргөн хүрээнд олон хүнд хүргэхээр Ачит Ихт ХХК-ийн нийгмийн хариуцлага, дэмжлэгээр Степпе Линк Холдинг компани үндэсний цахим ESAN-г хөгжүүлж байна.
ESAN Үндэсний цахим сангийн гүйцэтгэх захирал Ц.Сувд тус сангийн талаар “ESAN Үндэсний цахим сан нь анх 2014 оноос төсөл хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 13 дахь жилдээ Ачит Ихт ХХК-ийн дэмжлэгтэйгээр Үндэсний цахим сан болтлоо өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Үндэсний цахим сан гэж тодотгож буйн учир нь өнөөдөр тус сан зөвхөн ном биш, толь бичиг, аудио номууд, академик бүтээлүүд, статистикийн мэдээлэл, Esan plagiarism буюу хуулбар шалгуурын систем, Esan news буюу Монгол Улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй жилийн түүхийг багтаасан сонины архив бүхий өргөн цар хүрээтэй сан болж үйл ажиллагаа явуулж байна” гэв.
2023 онд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ESAN Үндэсний цахим сангийн Монгол Улсын боловсролын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний цахим сан гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон билээ.
Ийнхүү тус сан дээр төрийн шагнал хүртсэн бүтээлүүд, Хурд хамтлагийн хөгжмийн нотууд болон дуунууд, төрийн шагналт зохиолч Ш.Сүрэнжавын бүтээлүүд төдийгүй монгол хэлний толь бичиг зэрэг байршсан байдаг.
Түүнчлэн ESAN Үндэсний цахим сан 2022 онд Монгол Улсын Их Сургууль (МУИС)-тай хамтран төсөл хэрэгжүүлж их, дээд сургуулиудын суурь сурах бичгүүдийг тус санд цахимжуулж байршуулсан. Одоогоор 30 бүтээл байршаад байгаа бөгөөд улсын болон хувийн хэвшлийн бусад их, дээд сургуулиудтай хамтран ажиллах ажил үргэлжилсээр байгааг ESAN Үндэсний цахим сангийн гүйцэтгэх захирал Ц.Сувд хэлсэн юм.
Esan.mn-ыг бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой. Тухайлбал ЕБС-ийн бүх сурах бичиг буюу 100 гаруй сурах бичиг ESAN Үндэсний цахим санд байршсан байдаг тул сурагчид байгаа газраасаа утсаараа эсвэл компьютероосоо Esan.mn эсвэл ESAN аппликэйшнийг татаж аваад өөрт хэрэгтэй сурах бичиг, академик сурах бичгүүдийг бүгдийг нь үнэгүй үзэх боломжтой юм.
Esan plagiarism буюу хуулбар шалгуурын системийн тухайд Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн гаргасан магистр болон докторын зэрэг горилж байгаа бүтээлүүд заавал хуулбар шалгуурын системээр баталгаажсан байх ёстой гэдэг шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй аж.
Боловсролын яам болон Шинжлэх ухаан технологийн сантай хамтран Монгол Улсад одоо хадгалагдаж байгаа магистр болон докторын ажлуудыг бүгдийг нь багтаасан, Монгол Улсын өөрийн identity болсон санг нэгтгээд түүнийхээ дагуу бүтээлүүдээ шалгаж, эргээд Монгол Улсын онцлог болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гэсэн салбарыг олон улсад таниулах болон энэ чиглэлээр манай улсад хийгдэж байгаа чанартай бүтээлүүдийг олон улсад таниулах сан болж ажиллаж байна.
Түүнчлэн ESAN дэргэдээ өөрийн гэсэн контенттой буюу цахимжуулах төвтэй. Энд тус сангийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн сканеруудаа ашиглаад мөн технологийн багтайгаа хамтран боловсруулсан зөвхөн монгол хэлийг болон монгол бичгийг, цаашлаад Монгол Улсад хадгалагдаж байгаа бүх түүхэн бичгүүдийг цахимжуулахаас гадна ашиглах, дотроос нь хайлт хийх, мэдээллийг илүү хүртээмжтэй болгох зорилготой бүхий л ажлуудыг хийгээд явж байгаа тухайгаа гүйцэтгэх захирал Ц.Сувд хуваалцсан юм.
ESAN Үндэсний цахим сан нь хувийн хэвшлийн байгууллагын хувьд 2022 онд Оюуны өмчийн газраас албан ёсны анхны "Оюуны өмчийн зуучлагч" болсон. Энэ тухай тэрбээр “Манай санд байгаа бүх бүтээл дээр бид тусгайлан гэрээ хийдэг. Бүтээл бүрийн зохиогч болон оюуны өмчийг эзэмшигчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилладаг.
Сурах бичиг болон бусад академик бүтээлүүдийн хүрээнд тухайн бүтээлийг эзэмшдэг байгууллагууд, яам, боловсролын газрууд болон холбогдох газруудтай нь байнгын гэрээ байгуулан ажилладаг.
Цахим хэрэглээний хувьд оюуны өмчийн асуудал хамгийн том асуудлуудын нэг. Манай сангийн тухайд энэ асуудал дээр хамгийн итгэлтэй байж болно. ESAN Үндэсний цахим сангийн бүх бүтээгдэхүүнүүд дээр олон улсын стандартыг хангасан цахим эрхийн менежмент буюу бид бүхний сайн мэдэх google, amazon дээр ашигладаг аюулгүй байдлын системийг бид ашигладаг. Түүгээрээ бид бүтээлийг алдагдахаас сэргийлэхийн сацуу нууцын зэрэглэлийг бүрэн хангаж ажиллаж чаддаг” гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






