"Банкны гадаад зах зээлээс босгосон валютын бонд, зээлийн эх үүсвэрийн 25 хувийг заавал байлгах нөөцөд тооцно"

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр болж, банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.

Тус хорооноос энэ талаар "Мөнгөний бодлогын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд Банкны гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос гурван жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт хамруулах шийдвэр гаргалаа.

Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй.

Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байна.

Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.

Нөгөө талаас, банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байна.

Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно" хэмээн мэдэгдлээ.