Он гарснаас хойш 208 нэгж талбарын 34 гаруй га талбайг нөхөх олговор өгч, чөлөөлжээ
2026 онд нийслэл хотын бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14,889 нэгж талбарт газар чөлөөлнө гэж ролбогдох албаныхан мэдээлээд буй.
Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэгж талбарыг чөлөөлжээ. Нийслэлийн Засаг даргын 60 удаагийн захирамжаар 208 нэгж талбарын 34.5 га талбайд нөхөх олговор өгсөн бол 79 нэгж талбарын 6.4 га талбайд нөхөх олговор олгохоор хянаж байгаа аж.
Харин 514 нэгж талбарт хөрөнгийн үнэлгээ хийжээ.
Энэ онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна.
Газар чөлөөлөлт явагдах байршлууд:
- Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2,164 нэгж талбарт
- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт
- Баянзүрх дүүргийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5,910 нэгж талбарт
- Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт
- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихад 7.1 га талбайд 110 нэгж талбарыг тус тус чөлөөлнө.
Авто замын болон ДЦС-ын ажлын хүрээнд газар чөлөөлөх байршлууд:
- Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам
- Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн шинэ зам Хөшигийн хөндийн хурдны замтай холбох авто зам
- Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт Геологийн төв лаборатори орчим, авто зам, нүхэн гарц
- Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын газар чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.
Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж:
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих
- Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд Гал унтраах анги барих
- Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамж тохижилт бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөхөөр төлөвлөжээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3,933 нэгж талбарт газар чөлөөлсний 1,021 нэгж талбар нь инженерийн дэд бүтэц, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2,332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн 580 нэгж талбар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
