Өсвөрийн хоккейчид хоёр дараалан хожлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 4 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Киргизийн Бишкек хотноо 18 хүртэлх насны хоккейн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) болж байна. 

Тус тэмцээнд зохион байгуулагч Киргиз, Узбекистан, Монгол, Энэтхэг, Индонез болон Хятадын Макао өрсөлдөж байгаа юм. Тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх тэмцээнд манай хоккейчид эхний тоглолтоо өчигдөр хийжээ. 

Монголын шигшээ баг Хятадын Макаог 18:0-ээр буулган авсан байна. Манай залуус нийт 61 удаа хаалга руу цохисон бол өрсөлдөгч нь ердөө хоёр удаа цохисон аж.

Манай тамирчдаас Э.Баярбилэг дөрвөн гоол оруулснаар багаа тэргүүлэв. Түүнчлэн Б.Далайжаргал, Ч.Есүнхэй, П.Отгон-Од, М.Итгэл, М.Мөнх-Эрдэнэ нар тус бүр хоёр, М.Төгөлдөр, Т.Чинбилэг, Э.Тэнүүн, С.Батболд нар тус бүр нэг гоол оруулав.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Индонезийн багийн эсрэг хийлээ. Тэд эхний тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийж, 9:6-гаар илүүрхсэн юм. 

Харин манай залуус өрсөлдөгчөө 5:2-оор буулган авснаар зургаан оноотой болж байна. Энэ тоглолтод Э.Баярбилэг, М.Төгөлдөр, Т.Чинбилэг, П.Отгон-Од, О.Ерөөлт гэсэн таван өөр тоглогч гоол орууллаа.

Маргааш манай хоккейчид Улаанбаатарын цагаар 15:00-д Узбекистаны эсрэг тоглох хуваарьтай.