Өмнөд Солонгосын Инчон олон улсын нисэх буудал үйлчлүүлсэн зорчигчийн тоогоор анх удаа дэлхийд тэргүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Инчон олон улсын нисэх буудал үйлчлүүлсэн зорчигчийн тоогоор дэлхийд анх удаа тэргүүлэх болсныг Airports Council International байгууллагаас гаргасан шинэ тоо баримт харуулжээ.

Тус нисэх буудал энэ оны эхний зургаан сарын хугацаанд 38.4 сая зорчигчид үйлчилсэн байна.

Дараа нь 37.79 сая зорчигчтой Лондон хотын Хитроу, 34.53 сая зорчигчтой Сингапурын Чанги удаалжээ.

Ираны дайны улмаас Ойрх Дорнодын бүс нутгийг дайрч нисэхээ больсон зорчигчдын урсгал Инчоныг дэлхийд тэргүүлэхэд зарим хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна.

2024, 2025 онуудад уг жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан Дубайн олон улсын нисэх буудал энэ онд эхний тавд багтаж чадахгүй нь тодорхой болжээ.

2024, 2025 онуудад Хитроу тав ба долоо, Инчон 12 ба 13 дугаар байруудад тус тус эрэмбэлэгдэж байсан юм.

Европыг зорьсон зорчигчид Дубайгаар дамжихын оронд Инчоноор дамждаг болсон нь тус нисэх буудлын ачааллыг өнгөрсөн онтой харьцуулахад 18 хувиар өсгөжээ.

Тухайлбал Европыг зорьсон дамжин өнгөрөх зорчигчдын тоо 63.2 хувиар өсөж, 210,000 хүрсэн байна.

Инчоны дэд бүтцийн өргөтгөл илүү олон зорчигчид үйлчлэх багтаамжийг нэмэгдүүлсэн гэж бас мэргэжилтнүүд дүгнэжээ.

2001 онд нээгдсэн Инчоны олон улсын нисэх буудал одоо дэлхийн 158 чиглэлд үйлчилдэг.

Харьцуулбал Хонконгийн олон улсын нисэх буудал 139, Шанхайн Пудон 92, Токиогийн Нарита 86 чиглэлд үйлчилдэг юм.

 

Эх сурвалж: BBC