“Human Resilience Forum 2026”: Эрүүл сонголтыг дэмжих орчныг хамтдаа бүрдүүлцгээе
“Зөв бодол, зөв хоол, зөв амьдрал: Нийгмийн эрүүл тэсвэртэй чадамжийг хамтдаа бий болгох нь” уриан дор “Human Resilience Forum I 2026” арга хэмжээ энэ сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус форумыг “Гэрэлт Цамхаг Сан Монгол” (FARO Foundation) ТББ болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хамтран зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь эрүүл амьдралын хэв маягийг зөвхөн хувь хүний сонголт гэж үзэхээс илүүтэйгээр гэр бүл, олон нийт, нийгмийн хүрээлэн буй орчинтой салшгүй холбоотой болохыг онцоллоо.
“Гэрэлт Цамхаг Сан Монгол” (FARO Foundation) ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Бямбажаргал байгууллагын үйл ажиллагааны чиглэл, томоохон төслүүдийн талаар танилцуулж, цаашид Цахим шилжилт ба хиймэл оюун ухаан, Уур амьсгалын өөрчлөлт ба сэргээгдэх эрчим хүч, Нийгмийн эрүүл мэнд гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах тухайгаа онцлон тэмдэглэв.
Оролцогчид нийгмийн эрүүл мэнд, зөв хооллолт, өдөр тутмын эрүүл дадал, зан үйлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн боловсролын асуудлуудыг олон улсын судалгаа, шинжлэх ухааны нотолгоо, статистик мэдээлэлд тулгуурлан хэлэлцлээ.
Форумын үеэр НЭМҮТ-ийн захирал С.Гэрэлмаа Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх 12 чиглэл, өнөөгийн байдал болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй гол эрсдэлт хүчин зүйлсийг танилцуулсан юм.
Мөн Анагаах ухааны доктор, нийгмийн эрүүл мэндийн магистр Луижи Граттон өдөр тутмын энгийн боловч тогтвортой дадал хүний урт хугацааны эрүүл мэндэд хэрхэн эергээр нөлөөлдөг талаар шинжлэх ухааны баримтад тулгуурлан хуваалцсан бол “HabiDo” төслийн удирдагч Г.Доржбалам зан үйл, шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс хийгээд эрүүл сонголтыг дэмжих орчныг хэрхэн бүрдүүлэх талаар илтгэл тавив.
Форумын гол үйл явдлын нэг болох панел хэлэлцүүлгийг “Young Global Leader” В.Ганзориг чиглүүллээ. Хэлэлцүүлгээр эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд хувь хүн хийгээд нийгмийн хариуцлагын уялдаа, залуучуудын сэтгэл зүй, эрүүл мэндийн боловсролоос гадна цахим орчин дахь эрүүл мэндийн мэдээллийг зөв таних, шүүн тунгаах асуудлыг хөндөн ярилцсан байна.
НЭМҮТ болон FARO Foundation хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Арга хэмжээний үеэр “FARO Foundation” болон НЭМҮТ албан ёсны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цахим боловсрол, эрүүл мэндийн мэдээллийн зөв хэрэглээг төлөвшүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Тодруулбал, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох контент, богино хэмжээний видео, инфографик бэлтгэн түгээх, ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дэмжих зэрэг цогц ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг дотоод, гадаадын сургалтад хамруулах, бусад байгууллагуудыг татан оролцуулах замаар үйл ажиллагаагаа шат дараатай өргөжүүлэхээр тогтсон байна.
Цаашдын чиг хандлага
“Human Resilience Forum” нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд нийгмийн эрүүл мэнд, боловсрол, сайн сайхан байдлын асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх индэр болох юм.
“Human Resilience Forum I 2026” нь ийнхүү эрүүл амьдралын хэв маягийг бүтээхэд хувь хүний хичээл зүтгэлээс гадна үнэн зөв мэдээлэл, эрүүл орчин, олон нийтийн дэмжлэг нэн чухал болохыг нийгэмд таниулсан цуврал кампанит ажлын эхлэлийг амжилттай тавилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
